Сумдын “Хамтарсан баг”-ийг чадавхжуулах сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-04-24 19:17:40
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн хэлтэс, Дэлхийн зөн ОНХХ хамтран Хүүхэд хамгааллын “Хариуцлагатай хамтарсан баг”-ийн сургалтыг бүсчилсэн байдлаар зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад Өлзийт, Гурвансайхан, Цагаандэлгэр, Хулд сумдын хамтарсан багйийн 42 гишүүн оролцжээ.

Тус сургалтыг зохион байгуулснаар Хамтарсан багийн гишүүдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн асуудлаар хамтран ажиллах, үйлчилгээг сайжруулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг үр нөлөөтэй аж.

Цагаандэлгэр сумын Засаг дарга Д.Буджав хэлэхдээ, “Хүүхдийг хүчирхийлэлд өртөх, хэрэг төвөгт орохоос урьдчилан сэргийлэх нь тус сургалтын зорилго юм. Манай сумын хувьд хүүхдийн хүчирхийлэл зэрэг хүүхдийн асуудлаар судалгаанууд маш сайн хийгдэж байна. Судалгаан дээр үндэслэн хүүхэд хамгааллын ажлуудыг захирамж гарган хийж байгаа” гэв.

Өлзийт сумын Засаг дарга А.Эрдэнэбат хэлэхдээ, “Хууль эрх зүйн мэдлэггүйгээс хүүхдүүд  гэмт хэрэгт ихээр холбогдож байна. Энэ сургалтнаас хүүхдэд түлхүү анхаарал хандуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийхэд шаардлагатай хууль зүйн мэдлэг, мэдээллийг авч байна” гэв.

Түүнчлэн Хамтарсан багийн гишүүд өөрсдийн үйл ажиллагааны сайн туршлагаа хуваалцаж, мэдээлэл солилцлоо.
 
Б.Ундармаа
Холбоотой мэдээ