Цахим бодлогын түр хороо байгуулахыг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
mn_tuul@montsame.mn
2018-04-26 17:27:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
 
Дэлхий дахинд мэдээлэл харилцааны технологи ашиглан газар зүйн байршил, хүний амын тоо, эдийн засгийн боломжоос төдийлөн хараат бусаар хөгжлийн шинэ эрэмбэд хүрсэн жишээ, загварыг ашиглан улсын эдийн засагт хөгжлийн шинэ гарц боломжийг үүсгэн баялаг бүтээх, төрийн ажил, үйлчилгээг ил тод, шуурхай, шударга болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албыг цомхон чадварлаг шуурхай болгох санал дүгнэлт боловсруулах зорилго бүхий “Цахим бодлогын түр хороо” байгуулах зайлшгүй шаардлага үүссэн хэмээн үзэж тогтоолын төслийг боловсруулжээ.
 
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, "Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг нэгдсэн бодлого зохицуулалтаар хангах, цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн салбарын давуу талыг ашиглаж улс орны эдийн засгийг хурдасгах зэрэг өргөн боломж байна. Мэдээллийн технологийн салбар нь бага зардлаар их үр дүнд хүрч болдог салбар. Иймд “Цахим бодлогын түр хороог байгуулж холбогдох санал дүгнэлт боловсруулахын зэрэгцээ салбарын багц хуулиудыг УИХ-д оруулж ирэх болно" гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Манай улс интернэт хэрэглээгээрээ дэлхийн улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр. Гэхдээ энэхүү орчны аюулгүй байдал их чухал" гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.
 
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Өнөөдөр сонин уншдаг хүн гэж байхгүй боллоо. Зурагт үздэг хүмүүс ч цөөрч,  мэдээллийг цахимаар авдаг болсон байна. Гэтэл Монгол Улсад энэ орчны аюулгүй байдал бүрэн хангагдаагүй байгааг анхаарах хэрэгтэй. Иймд эл асуудлыг анхаарч ажиллаарай. Түүнчлэн цахим орчинд улстөржих явдал хэрээс хэтэрч, зохион байгуулалтад орж байгаа тул үүнээс сэргийлсэн хууль эрх зүйн орчныг чангатгах хэрэгтэй" гэхэд УИХ-ын гишүүн Н.Энхболд, "Түр хороог яагаад байгуулдаг, хэрхэн ажилладаг, хэзээ хугацаа нь дуусгавар болдгийг өмнө нь хэлж зөвлөж байсан. Түр хороонд ажиллах хүмүүс үр дүнтэй ажиллаарай" хэмээн захьлаа.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад “Цахим бодлогын түр хороо” байгуулахыг олонх дэмжив.
Б.Туул
 
Холбоотой мэдээ