Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-11-30 16:48:13

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаа өнөөдөр хийж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудын талаар байр сууриа нэгтгэв. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна. 

Тодруулбал аймаг, дүүрэг бүрт давж заалдах шатны шүүх, нийслэлийн дүүрэг бүрт анхан шатны дагнасан шүүх байгуулах тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсантай холбогдуулж УИХ-аас баталсан 94 дүгээр тогтоол гарсан. Харин үүнд Ерөнхийлөгч хориг тавиад байгаа юм. 
Харин МАН-ын бүлэг "Хэлбэр талаас нь харахад Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд хориг тавьж байгаа мэт боловч агуулга талаасаа Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт хориг тавьсан нь буруу гэж үзэж байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж үзсэн. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан нь сүүлийн 23 жилд анхны тохиолдол. Энэ хугацаанд Үндсэн хуулийн цэц УИХ-аас баталсан хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн гэсэн 140 шийдвэр гаргасан байдаг. Үүний 40 орчим нь сүүлийн гурван жилд гарсан байна. Өнгөрсөн хугацаанд засгийн эрх барьж буй АН, "Шударга ёс" эвслийн олонхоороо хүч түрэн баталсан хуулиудын хэд нь Үндсэн хууль зөрчсөн бэ гэдэг нь эндээс харагдаж байна. Энэ нь түүхэнд байхгүй өндөр үзүүлэлт юм. Цаашдаа энэ асуудалд анхаарах ёстой гэж үзэж байна" гэв. 
Үүнээс гадна Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн, үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллээр гарч байгаа ташаа мэдээлэлд бүлгээс няцаалт өгч, холбогдох асуудлаар хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдэв. Энэ талаар бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа "Аль нэг нам гэлгүй бүх мэдээллийг ид тод болгох хэрэгтэй. Хэн ямар зээл авсан, төслийн үр өгөөж ямар байгааг ил тод зарлах хэрэгтэй. "Чингис" бондоос дутсан 5.4 сая ам.доллар хаашаа оров, хаанаас ямар шийдвэр гарав гэх мэт асуудлыг ил тод гаргаж  тавих хэрэгтэй" гэв.
Түүнчлэн зээлийн хүүг бууруулах асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс мэдээлэл сонсохоор бүлгийн хурлаар тогтсон байна. 

Н.Гантуяа

 

Холбоотой мэдээ