Мянган хүүхдийн “Их найрал Ховд” наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-03 15:37:25
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Чадварлаг Ховдчууд" хөтөлбөрийн хүрээнд хүүхэд нэг бүрийг эрүүл бие, саруул ухаан, бүтээлч сэтгэлгээтэй, өөртэй итгэлтэй, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болгон төлөвшүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас олон ажил өрнүүлж байна.
Чадварлаг ховдчууд хөтөлбөрийг тодотгосон 1400 гаруй хүүхдийг хамарсан "Их найрал Ховд-2018" найрал дууны наадам хоёр үе шаттай явагдсан юм. Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг "Их найрал-Ховд" найрал дууны энэ удаагийн наадамд  хөдөөгийн 17 сургуулиас шалгарсан 7, аймгийн төвийн 7 нийт 14 сургуулийн 1000 гаруй сурагч оролцлоо.
“Их найрал Ховд-2018” наадмын тэргүүн байранд шалгарсан сургуулиудын "Найрал дуу"-ны "ГАЛА" тоглолтыг аймгийн төв Ард Аюушийн талбайд зохион байгууллаа. Найрал дууны наадамд оролцогчдыг аймгийн төв, хөдөөгийн сургууль гэсэн хоёр  ангиллаар байр эзлүүлж дүгнэсэн байна. Аймгийн төвийн сургуулиудаас 12 жилийн 1-р дунд сургууль нэг,  12 жилийн 7-р сургууль хоёр, Цаст-Алтай цогцолбор сургууль гурав, 12 жилийн 2-р дунд сургууль тусгай байрт шалгарчээ.
Харин хөдөөгийн сургуулиудаас Манхан сумын 12 жилийн дунд сургууль Улсын тэргүүний Дарви сумын 12 жилийн дунд сургууль, Булган сумын Минжит булган цогцолбор сургууль эхни гурван байрт, Эрдэнэбүрэн сумын 12 жилийн дунд сургууль тусгай байрт шалгарч шагналаа гардан авлаа.
А.Бямбасүрэн
 

Холбоотой мэдээ