Ё.Отгонбаяр: АНУ руу 10 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох боломж бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-03 19:54:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяртай ярилцлаа. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, ажлаа хүлээн аваад нэг сар гаруй хугацаа өнгөрч буй билээ.

-Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш та анх удаа Монголд ирж байна. Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлыг хэрхэн өрнүүлэхээр төлөвлөж байна вэ?
-АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампд энэ оны гуравдугаар сарын 28-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, ажилдаа орлоо. АНУ-ын албаны хүмүүс, бизнес, худалдаа, судалгаа, боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагынхантай уулзалт хийж, хамтын ажиллагааныхаа талаар ярилцаж эхэлчихсэн. Энэ онд зохиогдох хоёр орны өндөр дээд хэмжээний айлчлалын бэлтгэл ажлыг хангахаар Монголд ирчихээд байна. Хоёр орны хооронд улс төр болон бусад чиглэлийн харилцаа сайн хөгжсөн. Цаашдаа эдийн засгийн хамтын ажиллагааны тал дээр нэлээд хүчин чармайлт гаргах шаардлагатай гэдэгт АНУ-ын талтай санал нэгдэж байгаа. Тиймээс энэ чиглэлээр хэрхэн хамтарч ажиллахаа ярилцана.

-Хоёр орны хооронд ямар айлчлалууд төлөвлөж байна вэ? 
-Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар удахгүй АНУ-д айлчилна. Энэ айлчлалын үеэр Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалт хийж, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн нэмэгдүүлэхэд Засгийн газрын зүгээс хэрхэн хамтарч ажиллахаа хэлэлцэх юм. Энэ айлчлалын өмнө ихээхэн бэлтгэл хангах шаардлагатай. Өнөөдөр өглөө гэхэд би Америкийн худалдааны танхимынхантай уулзсан. Бусад айлчлалын талаар одоогоор дурдах боломжгүй байна.

-АНУ-ын Мянганы сорилын сангийн Хоёрдугаар компакт гэрээнд хэзээ гарын үсэг зурж, эцэслэхээр төлөвлөж байна вэ?
-Хэдийгээр ажлаа аваад удаагүй байгаа ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын айлчлалыг зохион байгуулаад байна. Энэ хүрээнд Мянганы сорилын сангийн Хоёрдугаар компакт гэрээний хэлэлцээг эцэслэсэн юм. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар уг гэрээг дэмжлээ. Гэрээний хүрээнд Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр яригдаж байгаа. Ойрын үед зохион байгуулах өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр энэ гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

-Эдийн засаг, худалдааны салбар дахь хамтын ажиллагааг дэмжих хүрээнд оёмол бүтээгдэхүүнийг АНУ-д экспортлох талаар яригдаж байгаа. Энэ талаар?
-Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний импортын тарифыг буулгах талаар АНУ-тай ярилцаж байгаа. Ингэхийн тулд Конгрессын гишүүдтэй уулзаж, ярилцах хэрэгтэй байгаа юм. Яагаад гэвэл хууль батлагдаж байж энэ эрх баталгаажина. Энэ тал дээр идэвхтэй ажиллаж, очсоноосоо хойш Монголтой ойр байдаг, талтай ханддаг хэд хэдэн Конгрессын гишүүдтэй уулзаж, ярилцлаа. Хамгийн гол Конгресс дэх Америк-Монголын парламентын бүлгэмийн хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр голлон анхаарч байна. Тэр бүлгэм маань хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлэх юм.

Бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих бодит боломжийг хэрхэн бий болгоно гэж харж байна вэ?
-Хамгийн гол нь Монгол Улстай хамтарч бизнес эрхэлдэг, өмнө нь ажиллаж байсан хүмүүстэй ярилцаад үзэхээр бидэнд хоёр том дутагдал байна гэж харагддаг. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин тогтворгүй байгаа нь сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна. Хоёрдугаарт, Монголын бизнес эрхлэгчид хэр бэлэн байна вэ гэдэг асуудал. Тэнд тогтчихсон дүрэм, зарчим дээр өөрсдийн дүрмээрээ очоод хамтран ажиллана гэвэл хүлээж авахгүй байх магадлалтай байна. Амжилттай яваа бизнесүүд ч байна. Гэхдээ илүү их өргөн боломж байгаа юм. Жишээ нь, Монголоос АНУ руу сурагч цүнх, аяны үүргэвч зэрэг 10 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй оруулах боломжтой байдаг. Гэтэл үүнийг мэддэггүй, ийм төрлийн үйлдвэрлэл явуулдаггүй, Америкийн  энэ чиглэлийн худалдаа эрхлэгч компаниудтай харилцаа холбоо тогтоохоор хайхгүй байна гэж АНУ-ын талаас хэлж байгаа юм. Энэ боломжийг нь бусад улсууд ашиглаад, Хятадтай хийдэг худалдаа эргэлтээс нь давчихаад байхад Монгол юу ч хийхгүй байгааг шүүмжилж байсан. Нэгэнт татварыг нь тэглэсэн, эрэлтийн орчин нь байхад тус улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргах бүрэн боломж байна. Иймэрхүү боломжуудыг хайж ажиллана даа.

-АНУ-д хөдөлмөр эрхлэх Н2В виза хөтөлбөрт Монгол Улсыг оруулсан. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд бидний зүгээс анхаарах зүйл юу байна вэ?
-Очсоноосоо хойш энэ асуудлаар хоёр ч удаа видео хурал хийж, үүсээд буй нөхцөл байдал, бэлтгэл ажлын талаар ярилцсан. Гэхдээ нэг зүйлийг анхааруулж хэлэхэд одоогийн байдлаар Монголын нэг ч компани АНУ-ын ажил олгогч компанитай гэрээ хийгээгүй. Дуулианаар нь бүртгэл явуулах, мөнгө төгрөг татах зэрэг хууль бус үйлдэл гарахаас болгоомжлох шаардлагатай юм. Хэрэв аль нэг компани таныг бүртгэж авах бол танд олгох I-797 зөвшөөрөл онлайнаар гарч ирж байгаа эсэхийг шалгах боломжтой. Гэхдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх тун амаргүй байна. Хажууханд нь Мексик гэж улсаас 100-хан ам.доллароор ажиллах хүч оруулж ирж болж байхад Монголоос яагаад 2000 ам.доллар зарцуулж авч ирэх вэ гэдэг асуудал гарч байгаа юм. Гэсэн ч бид Америкийн ажил олгогчидтой зөвлөлдөн, боломж бололцоог гаргах талаар ажиллаж байна.
Н.Гантуяа

Холбоотой мэдээ