Гурвансайхан суманд “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг анх удаа зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-05-09 14:41:50
Дундговь /МОНЦАМЭ/. “Байгаль хамгаалах хаврын сарын аян”-ы хүрээнд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги, “Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа” хамтран “Нээлттэй хаалганы өдөр” болон “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг энэ сарын 7,8-ны өдрүүдэд Гурван сайхан суманд анх удаа зохион байгууллаа.

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийг аймгийн хэмжээнд ес дэх жилдээ зохион байгуулж буй бөгөөд энэ жилийн хувьд Гурвансайхан суманд зохион байгуулснаараа онцлогтой аж. Тус үйл ажиллагаанд 200 орчим хүн оролцож цөлжилтийг бууруулах, шар шороон шуургыг багасахад өөрсдийн хувь нэмрээ оруулав.



“Нээлттэй хаалганы өдөр”-өөр иргэдэд байгаль орчин, аялал жуулчлалтай холбоотой мэдээ, мэдээллийг өгч, сумын албан хаагчдын дунд Байгаль орчныг хамгаалах хуулийг сурталчлах зорилгоор “Цэц” тэмцээн, асуулт хариултын тэмцээн, ЕБС-ийн ахлах ангийн сурагдчын дунд “Алтан хонх” зэрэг тэмцээн уралдаан явуулжээ.



Мөн ЕБС-ийн сурагчдад байгальд ээлтэй амьдрах болон хаврын улиралд модыг хэрхэн арчлах тухай сургалтуудыг хийсэн байна. Түүнчлэн 9 төрлийн модны тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа явуулж, иргэдийн хүсэлтээр мод тарьж буй газар дээр нь очиж зөвлөгөө өгөн тайралт хийж үзүүлжээ.



“Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд ЕБС-ийн Эко клубын сурагчид болон сумын иргэдийг оролцуулан сумын төвийн зам дагуу 8 га талбайд 4700 хайлаас, 100 сухай модыг тарьсан байна.
 
Б.Ундармаа
Холбоотой мэдээ