Ерөнхий сайд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний нээлтэд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-10 12:09:47
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газраас мал сүргээ өвчилсөн үед нь тэмцдэг бус өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу энэ сарын 9-ний Говь-Алтай аймагт "Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон үржлийн технологит ажил үйлчилгээний жилийн ажлын нээлт"-ийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсоор нээсэн юм.  
Ерөнхий сайд энд хэлсэн үгэндээ, “Мал хэдийгээр хувийн өмч болсон ч гэсэн малаа эрүүлжүүлэх, малаа эмчлэх асуудал орхигдсон байна. Мал эрүүл байна гэдэг бол хүн эрүүл байна гэсэн үг. Монгол хүний хүнсний хэрэгцээний хамгийн чухал нь мах байдаг. Тиймээс бид малаа эрүүл байлгах хэрэгтэй. Эрүүл мах, эрүүл хүнс хэрэглэж эрүүл Монгол хүн байх ёстой. Эрүүл хүнсийг өөрсдөө хэрэглэхээс гадна эрүүл хүнсийг экспортолж ихээхэн хэмжээний орлого олох боломж байгаа. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд малаа эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх аяныг зохион байгуулахаар болж байна. Мал эрүүлжүүлэх ажил нь бүх нийтийн үйлс байх учиртай” хэмээн онцолсон юм. 
Мөн үеэр Ерөнхий сайд мал эрүүлжүүлэх вакцины дээжийг тус аймгийн Засаг дарга С.Гансэлэмд, газар тариалангийн тракторын иж бүрдэл, 120 м2 хүлэмж, мотоблок /төмс услагч/, 5 га-ийн бороожуулагч, ноос пресслэгч, ноос хяргах машин, малын зөөврийн хашаа зэрэг 123.0 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт гардуулан өглөө. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ