Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавив

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2018-05-10 12:37:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр гаргалаа. 

"Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын гэрээ, "Дубайн гэрээ"-тэй холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг цагдан хорих таслан сэргийлэх саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч сарын 11-нд тавьсан юм. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг нэг сарын хугацаагаар цагдан хориод байсан. Өнөөдөр цагдан хорих хугацаа дуусч байгаа тул хугацааг сунгахаар ирүүлсэн НПГ-ын саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэв.

Шүүхээс Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг батлан даалтад гаргаж, Монгол Улсын хилээр гарахгүй байх хилийн хориг тавих шийдвэр гаргалаа. Хуралдаанд Ч.Сайханбилэг, С.Баяр нар Цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар оролцсон юм.
Н.Туяа
Холбоотой мэдээ