Халимагт ойрад түмний язгуур урлагийн их наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-05-14 13:09:32
Увс /МОНЦАМЭ/. ОХУ-ын Халимаг улсын нийслэл Элиста хотоос 20 км-т орших Атарын районы Шатта хэмээх газарт “Ойрад түмний язгуур урлагийн их наадам” энэ амралтын өдрүүдэд болсон байна. Наадмын үеэр ОХУ-ын Халимаг, Тува, Якут, Алтай, Буриадын уран бүтээлчид болон Монгол Улсаа төлөөлөн Алтай чуулга, Увс аймгийн Ойрад хамтлаг, Ховд аймгийн ардын авъяастнууд, Хятадын Шинжан Уйгарын ӨЗО-ны уран бүтээлчид ая дуугаа өргөж, авъяас чадвараа үзүүлжээ.
Наадмын үеэр хувцасны загварын үзүүлбэр, Эвийн гал асаах ёслол, Бурхан багшийн алтан сүмд Гурван эрдэнийг хүндэтгэх ёслол, үдшийн цэнгүүн зэрэг арга хэмжээ зохиогджээ. “Ойрад түмний язгуур урлагийн их наадам”-ын хүрээнд “Оросын халимагууд болон хилийн чанад дахь Ойрадуудын уламжлалт өв- орчин үеийн нийгэм соёл, боловсролын орчинд" сэдэвт олон улсын онол практикийн бага хурал мөн болсон байна. Үүнд ОХУ-ын Халимаг улсын тэргүүн Орлов Алексей Маратович, ОХУ-ын Төрийн думын гишүүн Мукабенова.Б.А, Адучиев.Б.К, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Тувагийн соёлын сайд Тамдын.А.К, Халимагийн их сургуулийн захирал Салаев.Б.К нар оролцож илтгэл тавьжээ.
Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан илтгэлдээ, Увс нутгийнхаа үзэсгэлэнт байгаль, цаг уурын онцлог, түүхийн хуудаснаа бүдгэрээгүй нүүдэлчин ахуй, ёс заншил, ардын язгуур урлаг, бий биелэгээ, зочломтгой зан чанарын талаар тодорхой дурьдаж, газар газраас хуран цугласан Ойрад түмэндээ өв соёлоо хадгалан хойч үедээ үлдээхийн ерөөл дэвшүүлжээ. Мөн тэрбээр Халимагийн ХАА-н сайдын хамтаар Халимаг үүлдрийн үхрийн үржил, тэжээлийн томоохон аж ахуйгаар орж үйл ажиллагаатай нь танилцан, цаашид Увс аймагт махны чиглэлийн үхэр үржүүлэх боломжийг судалж хамтран ажиллах талаар ярилцсан байна.
"Ойрад түмний язгуур урлагийн их наадам"-ыг Увс аймгийн "Онцын тасархай" жуулчны баазаас жил бүр уламжлал болгон явуулж ирсэн бөгөөд Үүрэг нуурын хөвөөнд болдог энэхүү арга хэмжээнд ОХУ-ын Халимаг, Тува зэрэг улсын болон БНХАУ-ын Шинжан Уйгарын ӨЗО-ны төлөөлөгчид ирж оролцдог байсан юм. Тэгвэл энэ жил Халимаг улсад анх удаагаа болж байгаа нь энэ аж. Цаашид энэхүү арга хэмжээг Монгол, ОХУ, БНХАУ дахь ойрадуудыг түшиглэн хоёр жилд нэг удаа хийж байхаар болжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ