“Хүмүүн бичиг” сониноос танин мэдэхүйн мэдээллийг онцлон уншиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-14 18:28:17
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын Ерөнхий боловсролын “Алтангадас одонт” 1 дүгээр сургуулийн багш, сурагчид Хүмүүн бичиг сониныг шимтэн уншиж байна.
Тэдгээрийн нэг болох Д.Отгонжаргал багштай 9е ангийнхантай уулзлаа. Монголчуудын оюуны соёлын үнэт өв болох Монгол бичгийг анги хамт олноороо сурах зорилго тавьсан тус ангийнхан “Хүмүүн бичиг”-ээс танин мэдэхүйн мэдээллүүдийг онцлон уншдаг гэнэ. Ангийн дарга А.Жавзанпагма хэлэхдээ “Бид 7 дугаар ангиасаа эхлэн Монгол бичиг үзэж байна. Хоёрхон жил сурч байгаа гэхэд манай ангийнхан бичгийн хэвээр нэг хүн шиг бичдэг болж байгаа. Мөн уншилтаар ч бусдаас хол хоцрохгүй. Хүмүүн бичиг сониноос байгаль, нийгэмд юу тулгамдаад байгаа талаар цаг үеийн мэдээлэл авахыг хүсдэг” гэв.

12 охин, 19 хөвгүүнтэй 9е ангийнхан спорт, урлагаар сургуульдаа тэргүүлдэг бөгөөд гар бөмбөгөөр хоёр ч удаа аваргалжээ. “Одоо Монгол бичгийн мэдлэг, чадамжаараа тэргүүлэхийн төлөө хичээж, энэ чиглэлийн уралдаанд оролцож эхэлнэ. 2017-2018 оны хичээлийн жилд Монгол хэлний масс олимпиадаар сургуульдаа манлайлж, аймагтаа амжилттай оролцсон. Үүнд Монгол хэл, бичгийн багш Б.Цэрэнгийн оруулсан хувь нэмэр өндөр” хэмээн ангийн багш хэллээ.
Тус ангид А.Жавзанпагма, Б.Үүрийнтуяа, Б.Баярмаа, Ж.Ишдорж гээд онцгой сайн суралцаж байгаа хүүхдүүд олон байгаа ба сонины шинэ дугаар ирэх бүрт салаа салаагаараа уншиж, бусдадаа мэдээлэл өгдөг аж.

 Номын санч С.Сарантуяа:

- Хүмүүн бичиг сониныг сургуулиараа захиалахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн болох Танд баярлалаа.

- Манай сургуулийн хамт олон Хүмүүн бичиг сониныг улирал бүр тасралтгүй захиалдаг. Энэ жил үндэсний бичиг үсэг бүхий сониноо захиалж унших шийдвэрийг сургуулийн захиргаанаас гаргаж, багш, сурагчдыг ихэнхийг нь захиалуулсан. Багш нар сургалтандаа их хэрэглэдэг юм. Сонин нь ч шуурхай ирэх юм, та ч шуурхай тараах юм гэж манайхан хэлдэг юм.
- Та өөрөө сониноо уншдаг уу?
-Намайг дунд сургуульд сурах үед Монгол бичиг зааж байгаагүй. Сүүлд нь бие дааж сурсан. Чөлөөт цагаараа Хүмүүн бичиг сониноо гарчигланаа.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ