242 тусгай зөвшөөрөл бүхий газарт ашиглалт, нөхөн сэргээлт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-16 16:51:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбилцол, Ойн сан бүхий газрын хилийн заагийн солбилцол, Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн солбилцлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ.

УИХ-ын 2015 оны 41 тоот “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсанаас хойш 2 жилийн дараа батлагдсан Засгийн газрын 2011 оны 174, 194 дугаар тогтоолоор хориглосон бүсийн хэмжээ 43 сая га талбай болсон хэмээн Н.Цэрэнбат сайд танилцуулж байв. Энэ бүсийн хилийн зааг нь алдаатай байсан бөгөөд тухайлбал, зарим аймаг, суманд усан сан бүхий хамгаалалтын бүсийг хэт бага эсвэл том талбайг хамруулан тогтоосон байсан нь хориглосон бүсийн хилийг шинэчлэн тогтоох шалтгаан болсон аж. 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-185 тоот тушаалаар Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хийлийн заагийг тусгай зөвшөөрөл бүрээр тогтоох, хилийн заагийг зөвшөөрөөгүй гомдлыг шийдвэрлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийг тогтоох ажлын удирдамжийг тус тус баталсан байна. Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Гадаргын усны сүлжээний тоон зураг, усны тооллогын мэдээ, 1:100000 масштабын байр зүйн зургийг үндэслэн гадаргын усны сүлжээний зургийг дахин тодруулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүрээр давхацлыг гаргах замаар гүйцэтгэсэн аж.

Засгийн газрын 2015 оны 189 дүгээр тогтоолын 2 дугаар заалтын дагуу усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийг 50 метрээр, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээр тогтооход 242 тусгай зөвшөөрөл бүхий газарт ашиглалт, нөхөн сэргээлт хийхээр болсон хэмээн сайд мэдээлсэн. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын тооллогыг 2017 оноос хийж эхэлсэн гэлээ.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэхдээ урсац бүрэлдэх эхийг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авах, хориглосон талбайд хууль бусаар олборлолт хийгчдэд хариуцлага тооцох, байгаль орчны нөхөн сэргээлт хийх асуудалд анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй хэмээж байлаа. Салбарын яамны зүгээс уул уурхайн төслийн байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнд орон нутгаас өгч байгаа санал, зөвшөөрөл нь төсөл эхлэхийн өмнө дэмжигддэг боловч ажил эхэлмэгц гомдол гаргадаг байдалд дүн шинжилгээ хийх, иргэдийн хууль ёсны шаардлагыг хангах нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж. Мөн уул уурхайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө болон хаалтын нөхөн сэргээлтийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа юм байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ