Хүмүүжлийн ач холбогдолтой хэмээн “Питер Пэн” зохиолыг сонгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 10:12:56

Шотландын нэрт зохиолч Ж.Барри найзынхаа таван өнчин хүүхдэд зориулж бичсэн “Питер Пэн ба далайн дээрэмчин” зохиол Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын тайзнаа амилна.

Хүмүүжлийн өндөр ач холбогдолтой хэмээгддэг уг зохиолоос сэдэвлэж найруулсан эл жүжгийн нээлт энэ сарын хоёронд болно.

Уг жүжгийг Хүүхэд, залуучуудын театрын дарга, найруулагч Х.Хишигбаатар найруулсан юм. Тэрээр шинэ жилийн баяраар хүүхдүүддээ үнэтэй бэлэг, даашинз авч өгөх бус оюуны хөрөнгө оруулалт хийхийг уриалж уг зохиолыг театрын тайзнаа “хөрвүүлжээ”. Жүжгийн тасалбар 3500 төгрөгийн үнэтэй. Арванхоёрдугаар сарын дөрвөнд хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур амьдралтай айл өрхийн хүүдүүдэд үнэ төлбөргүй үзүүлэх ажээ. Орхон аймгийн тайзнаа анх удаа амилж буй уг жүжиг шинэ жилийн хамгийн үнэтэй бэлэг байх болно хэмээн театрын дарга онцолсон юм.

Ж.Барри 1887 онд Сильвия, Артур хэмээх гэр бүлийн хоёртой танилцаж дотно нөхөрлөсөн ч найзууд  нь өөд болсон тул таван хүүхдийг нь өсгөж хүмүүжүүлжээ. Тэднийг асарч, халамжлах явцдаа зохиолын санаагаа олж 20 дугаар зууны хамгийн шилдэг зохиолыг бичсэн түүхтэй. Уг зохиол нь гэр бүлийн гишүүд бие, биенээ хайрлах, эгч дүүсийн хайр энэрэлийг харуулсан юм. Үүгээрээ хүмүүжлийн ач холбогдолтой гэдгээрээ дэлхий дахинаа алдаршсан ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ