Б.Төрзаяа: Амьдралдаа зөв дадлыг хэвшүүлэх нь өөрөө хамгийн том шагнал

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-05-18 11:12:26
Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин хотын оюутан залуусын дунд “555 Challenge”хэмээх оюутан, залуусын цагийг зөв боловсон өнгөрөөх, амьдралын зөв дадал хэвшлийг суулгах зорилго бүхий уралдаан энэ сарын 1-31-ний өдөр болов.
Уг уралдааныг Бээжин хотын Багшийн Их сургуулийн оюутан Б.Төрзаяа санаачлан зохион байгуулав. Түүнээс уралдааны талаар тодрууллаа. “Манай залуусын хувьд цаг ашиглалт, зохион байгуулалт, амьдралын хэв маяг нь хангалтгүй байдал ажиглагддаг. Миний хувьд хүн зорилготой байх ёстой юм байна гэдгийг ойлгосон цагаас хойш амьдралд минь маш их өөрчлөлт гарсан. Үүнийг бусадтайгаа хуваалцахын тулд уг уралдааныг санаачлан зохион байгуулж байгаа юм. Уралдаан гэхээсээ илүү нэг төрлийн сорилт, сорилго гэж хэлж болно. Учир нь хүн өөрийгөө ялан дийлэх нь хамгийн чухал. Өөрийгөө ялсан хүн амжилтанд хүрдэг. Уралдааны зорилго нь оролцогчид амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэх, эерэг хүрээлэл бий болгох, цаг хугацааны үнэ цэнийг ойлгоход оршиж байгаа юм. Яагаад 555 гэж нэрлэсэн бэ гэвэл, 5 дугаар  сарын туршид өглөө эрт 5:00 цагт босч, амьдралдаа таван эерэг дадлыг бий болгох гэсэн утгатай юм. Таван эерэг дадал гэдэгт өглөө эрт босох, өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, бүхэндээ талархах, тухайн өдрийн ажлынхаа зорилго, төлөвлөгөөг тодорхойлох, зөв зохистой хооллох, өглөөний гүйлт, дасгал хөдөлгөөн зэрэг багтаж байгаа юм. Хэрвээ хүн эдгээр дадлыг амьдралдаа хэвшүүлж чадвал бие бялдар болон оюун санааны хувьд эрүүл чийрэг, зорилготой, сэтгэл санаа өөдрөг байх юм. Сэтгэл санаа өөдрөг байгаа хүн нийгэмд эерэг энерги л түгээдэг. Уралдаан зохион байгуулъя гэхэд анх оюутан залуус маань сайн ойлгохгүй байсан. Тиймээс илүү олон хүн хамруулах, улам бүр өрсөлдөөнтэй болгох зорилгоор тэмцээний бооцоо болгож нэг хүнээс 30 юань хураасан. Уралдаанд 29 хүн бүртгүүлээд өрсөлдөж байна. Энэ дадал хэвшлээ хамгийн тууштай баримталж чадсан нэг ялагчийг энэ сарын 31-ний өдөр тодруулах бөгөөд 3000 юанийн шагнал гардуулах юм. Цаашдаа энэхүү уралдаанаа зөвхөн Бээжин хот гэлтгүй Хятадын бусад хот, мужид зохион байгуулна гэж бодож байна.Улам олон хүн уралдаанд хамарч, нийгэмд эерэг өөрчлөлт гараасай гэж хүсч байна. Тэмцээнд оролцогчид маань гол нь мөнгөн урамшуулал хожихоосоо илүү амьдралдаа зөв дадал зуршлыг хэвшил болгож чадвал тэр нь өөрөө хамгийн том шагнал нь гэж бодож байна.Оролцогчид маань амьдралд нь асар их эерэг өөрчлөлт гарч байгаа талаар надад ярьж хэлж байгаа. Би өөрийн хэмжээнд ч болов нийгэмд эерэг байдлаар нөлөөлж байгаадаа үнэхээр их сэтгэл хангалуун байна. Мөн бид тэмцээнд оролцогчидтойгоо групп үүсгэн аялал зугаалга олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна" гэв.
Нийгэмд эерэг нөлөө үзүүлж, оюутан залуусаа зөв зүйлд уриалж, цагийг үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрөөх дадал зуршлыг бий болгохоор санаачилсан болон идэвхтэй оролцож буй оюутан залуучууддаа амжилт хүсье. Гадаадын өндөр дээд боловсролыг эзэмшиж буй залуучууд маань эргээд эх орныхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
А.Анхбаяр
Холбоотой мэдээ