ДАШТ-2018-ын үеэр таксины үнийг хянана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-20 15:56:50
МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын Холбооны монопольтой тэмцэх албанаас ДАШТ-2018-ын үеэр таксины үнийг хэт хөөрөгдөх явдал гаргуулахгүй байх үүднээс хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийсээр байна. Энэ тухай тус албаны дарга Игорь Артемьев мэдэгдлээ.
 
Орос улсад 2017 оны зун болсон Холбоодын цомын тэмцээний үеэр Чилийн нэгэн сэтгүүлчид таагүй явдал тохиолдож, тэрбээр “Домодедово” нисэх онгоцны буудлаас зочид буудалд очихын тулд 50 мянган рублийг таксины жолоочид төлсөн нь шуугиан дэгдээж байв.
 
И.Артемьев 3 дугаар сард мэдэгдэхдээ “ДАШТ-2018-ыг үзэхээр ирсэн зочдыг ийм маягаар доромжилж, тэднийг шулах явдал гаргуулахгүйн тулд Холбооны монопольтой тэмцэх албанаас хяналт шалгалт хийх болно” гэж байсан юм. “Бид прокурорын байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж байгаа. Бид ДАШТ-ыг зохион байгуулахад идэвхтэй оролцож байна” гэж И.Артемьев хэллээ.
 
Түүхэнд анх удаагаа Орос улсад явагдах хөлбөмбөгийн ДАШТ-2018-ын тоглолтууд 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15-нд тус улсын 11 хотод болох юм.
 
Э.Аянзаяа 
 

Холбоотой мэдээ