Г.Занданшатар: 38 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрүүдийг нэгтгэсэн хөтөлбөрт орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-23 15:07:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаанаар мөн “2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг батлан, хөрөнгө оруулалтын бодлогыг нэгтгэн, Гурван тулгуурт хөгжлийн бодлогын суурийг бий болголоо.

Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг баталснаар ТЭЗҮ-ийг нь боловсруулсан, хэрэгжүүлэхэд бэлэн томоохон төсөл, хөтөлбөрүүдээ дунд хугацаанд төлөвлөдөг болж буй юм. Хөтөлбөр дотор Газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, цахилгаан станц зэргийг барихад шаардагдах хөрөнгө, эх үүсвэр, хариуцах эзэн зэргийг хөтөлбөрт нарийвчлан зааж өгчээ.

Улсын төсөв болон гадаад, дотоодын зээл тусламж, концесс, хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжих тус бүр нь 30 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй 38 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрүүд багтсан байна. 

"Хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлснээр 3 жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт 15 хувьд хүрнэ гэж тооцож байна. Том төсөл хөтөлбөрүүдээ нэгдсэн урсгал, цэгцтэй болгосноор Монгол Улсын хөгжлийн бодлогод том дэвшил гарч байна. "Гурван тулгуурт хөгжлийн бодлого" бодитой хэрэгжих санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгосноор энэ хөтөлбөрийн давуу тал болж байна" хэмээн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэлж байв. 


Хөтөлбөрийг боловсруулахдаа бүх яам, “Монголын эдийн засгийн чуулган-2018”-д оролцогчдоос саналыг нь авч баталсан байна. 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ