Сүхбаатарын талбайд өнөөдөр Хууль зүйн бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-25 16:33:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд НЗДТГ, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо хамтран  “Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөг зохион байгуулж, иргэд Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хууль зүйн үнэгүй зөвлөгөө, нотариатын үйлчилгээг хямдралтай үнээр авав.
Өдөрлөгийн нээлтийн үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар “Иргэдийн эрх зүйн ухамсрыг дээшлүүлэх, мэдээлэл өгөх олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдрийн өдөрлөгөөр иргэдэд тулгарсан асуудалд ямар чиглэлээр туслалцаа үзүүлэх боломтойг зөвлөж байгаа. Хэрвээ асуудлаа илүү дэлгэрүүлж асуух бол байгууллагаа сонгон үйлчлүүлэх боломжтой” гэсэн юм. Мөн тэрбээр тухайн өдөрлөгт оролцож буй байгууллагуудын дунд зөвлөгөөний үйл явц болон үр дүнд суурилсан шалгаруулалт явуулж, урамшуулах талаар ярьсан юм.

Харин тус өдөрлөгт оролцож буй иргэн Л.Чимэдцэрэн “Хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгч байгаа нь их зөв ажил болж байна. Би өөрт тулгараад байгаа асуудлын талаар зөвлөгөө авах гэж ирсэн. Надад өмгөөлөгч бүгдийг тайлбарлаж, учир зүйг нь гаргаж өглөө” гэв.
Мөн өнөөдөр тус үйл ажиллагааг нийслэлийн 9 дүүрэг болон 21 аймагт зохион байгуулж байгаа бөгөөд тус өдөрлөгийг Монгол Улсад өмгөөлөгчдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа юм.
Б.Уянга
Холбоотой мэдээ