Нислэгийн журам зохиох үйлчилгээ дэлхийн түвшинд хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-03 09:40:23

ИНЕГ-ын хамгийн залуу алба болох Шалгалтын нислэг, зураглалын алба /ШНЗА/-наас өнөөдөр нээлттэй өдөрлөг зохион байгуулж, манай улсын шалгалтын нислэг болон нислэгийн журам зохиох үйлчилгээ дэлхийн түвшинд хүрснийг салбарын хамт олондоо танилцууллаа.

Агаарын хөлөг нь газарт суурилуулагдсан тоног төхөөрөмж болон сансрын хиймэл дагуул ашиглан тусгайлан зохиогдсон зураг, агаарын зам, орон зайд нислэгээ үйлддэг нь нислэг аюулгүй үйлдэгдэх нэгэн гол нөхцөл болж байдаг. Мэргэжлийн хэллэгээр нисэх бүрэлдэхүүнийг мэдээллээр хангадаг эдгээр тоног төхөөрөмжүүдийг агаарын навигацийн төхөөрөмж гэдэг бөгөөд тусгайлан зохиогдсон нислэгийн схем зургийг Нислэгийн журам гэж нэрлэдэг. Агаарын навигацийн тоног төхөөрөмжийг нислэгт ашиглах боломжтой эсэхийг тогтоосон хуваарийн дагуу нислэгээр тогтмол шалгаж, нислэгийн журмыг тусгайлан нислэгээр шалган, баталгаажуулж байдаг. Энэхүү нарийн технологийг ШНЗА-ны шалгагч, нислэгийн журам зохиогч инженерүүд хийж гүйцэтгэдэг юм.

ЗТБХБ-ын сайдын 2010 оны тавдугаар сарын 07-ны өдрийн тушаалаар ИНЕГ-ын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, Шалгалтын нислэг, зураглалын албыг шинээр үүсгэн байгуулжээ. ШНЗА байгуулагдсанаасаа хойш 859 цагийн шалгалтын нислэг үйлдсэн ба өнгөрсөн хугацаанд зохиосон 33 нислэгийн журмыг нь өнөөдөр 14 нисэх буудалд ашиглаж байна.

ШНЗА-ны үйл ажиллагааны үндсэн чиглэл болох шалгалтын нислэг, нислэгийн журам зохиох үйлчилгээний хүрээнд олон чухал ажлууд хийжээ. Тухайлбал, тус албаны шалгагч инженерүүд Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Иргэний нисэхийн байгууллагын хүсэлтээр өнгөрсөн онд тус улсын Ahwaz, Bandar e Abbas, Zahedan нисэх буудлуудад суурилагдсан навигацийн тоног төхөөрөмжийн шалгалтын нислэгийг хийсэн байна. Ираны Иргэний нисэхийн байгууллага болон “Iranian airports company” байгууллагын зүгээс Монгол Улсын шалгалтын нислэгийн байгууллагын үйлчилгээний чадавх, боломжийг ингэж бодитоор үнэлсэн нь манай улсын нислэгийн журам зохиох үйлчилгээ олон улсын түвшинд хүрсний нотолгоо юм.

Өдөрлөгийн нээлтэд ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа хэлсэн үгэндээ тус албаны хамт олны хийж бүтээсэн ажлыг өндрөөр үнэлэхийн зэрэгцээ шалгалтын нислэг болон нислэгийн журам зохиох үйл ажиллагаандаа аль болох эдийн засгийн хэмнэлттэй, үр ашиг өндөртэй технологи нэвтрүүлснээр олон улсын зах зээлд гарах боломж ойрхон байгааг онцлон тэмдэглэсэн юм. Мөн удахгүй ашиглалтад орох Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын нислэгийн журам зохиох ажилд оролцохын тулд эртнээс бэлтгэлээ сайн хангахыг хүслээ.

Холбоотой мэдээ