Хаврын тариалалт 47 хувьтай явагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймаг энэ онд үр тариа 220 га, ногоон тэжээл 680 га, төмс 120 га, хүнсний ногоо 120 га нийт 1350 га талбайд тариалалт хийх бөгөөд хаврын тариалалтын ажил 2018 оны тавдугаар сарын 20-иос эхэлж одоогоор үр тариа 57 га-д, төмс 27,4 га-д, хүнсний ногоо 16,3 га, малын ногоон тэжээл 334,3 га, эмийн ургамал 131 га, жимс, жимсгэнэ 73,3 гад-д тус тус тариалж, хаврын тариалалтын ажил 47 хувьтай явагдаж байна.
Тус аймаг энэ онд 18 сумын хэмжээнд 110 гаруй зуны болон өвлийн хүлэмжийн 1,2 га талбайд тариалалт хийхээс гадна 2 га талбайд шинээр жимс жимсгэний тариалалт хийхээр төлөвлөсний дагуу тариалалтаа явуулж буй гэнэ.
Мөн тус аймгийн 18 сумын өрхийн хүнсний ногоо тариаланчдад ХХААХҮЯ “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд сонгино, шар манжин, шар лууван, хүрэн манжин, сармис, урт сонгино, гоньд, өргөст хэмх, амтат гуа зэрэг 15 нэр төрлийн 95,0 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний ногооны үрийг үнэ төлбөргүй, гурван нэр төрлийн 15,7 сая төгрөгийн 971 ширхэг жимсний суулгацыг тариаланчдад зээлээр олгожээ.
Говь-Алтай аймгийн Халиун, Бигэр, Шарга, Чандмань, Есөнбулаг сум, Баянтоорой, Гуулин тосгонд 47 аж ахуй нэгж, 383 өрх газар тариалан эрхэлж байна.
Э.Нарангэрэл