Д.Хаянхярваа: Өмч хувьчлалаар 200 тэрбум төгрөгийн орлого олохоор тооцсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-04 14:01:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар "Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай" тогтоолын төслийг хэлэлцэв.
Засгийн газраас өргөн барьсан уг тогтоолыг МАН-ын бүлэг дэмжиж байгаа бөгөөд хувьчлах барилга байгууламж бүрт тохирсон бодлого гаргаж, танилцуулах чиглэлийг холбогдох албаныханд өгсөн байна. Мөн хуралдаанаар Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцсэн байна. Уг хуулийн төсөлд төрийн нууцтай холбоотой асуудал хөндөгдөж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээн МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар мэдээлэв.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Өмч хувьчлалыг хэрхэн зохион байгуулах, барилга байгууламжийн үнэлгээг ямар аргачлалаар тооцох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Засгийн газраас “МИАТ”, “Хөрөнгийн бирж”, Орон нутгийн Автозам, засвар арчлалтын компаниуд зэргийг хувьчлах асуудлыг өргөн барьсан. Хувьчлалын үнэлгээний асуудыг Засгийн газар боловсруулна. УИХ оролцохгүй. Сүүлийн хоёр жил төрийн өмчит компаниуд ашигтай ажиллаж байгаа ч засаглалыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс төрийн өмчийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр хувьчлах нь зөв гэж үзэж байгаа. Засгийн газрын зүгээс эрчим хүчнээс эхлээд Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой зарим салбарын хувьчлалын асуудлыг түр хойшлуулсан.

-Өмч хувьчлал төсөвт хэрхэн нөлөөлөх вэ?

-Өмч хувьчлалыг орлого олохын төлөө хийж байгаа юм биш. Гол нь компаниудын засаглалыг сайжруулах алхам юм. Засгийн газраас өмч хувьчлалаар 200 тэрбум төгрөгийн орлого олохоор тооцсон байна.

-Зээлийн хүүг бууруулах асуудал УИХ дээр ярьж байгаа. Энэ чиглэлд ямар зохицуулалт хийх шаардлагатай вэ?

-Зээлийн хүүг бууруулахыг монголчууд бүгд хүлээж байгаа. Өнгөрсөн намрын чуулганы үеэр Г.Занданшатар нарын гишүүд Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай хуулийн төслийг өргөн барьсан. Тухайн үед энэ асуудлыг мэргэжлийн байгууллага буюу Монголбанк цогцоор нь авч үзэх ёстой хэмээн үзэж хойшлуулсан юм. Саяхан С.Эрдэнэ гишүүн Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн төсөл хамрах хүрээ, боловсруулалт болон бусад зохицуулалтын талаасаа дутагдалтай байгаа тул Эдийн засгийн байнгын хороо төсөл санаачлагчид нь буцаах санал гаргалаа. УИХ-аас өнгөрсөн оны 12 дугаар сард Монголбанкинд зээлийн хүүг бууруулах чиглэл өгсөн. Үүний дагуу Монголбанк Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийг боловсруулж дууссан байна. Энэ сарын дундуур өргөн барина. Зээлийн хүүг бууруулахдаа эдийн засгийн болон захиргааны аргыг хослуулж хэрэглэх хэрэгтэй. Дан ганц захиргаадалтын аргаар бууруулснаар эдийн засагт сөргөөр нөлөөлсөн жишиг олон улсад бий.

-Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцэх гол шалтгаан нь юу вэ?

-Банкууд эрсдэлтэй нөхцөлд ороод хаалттай хэлэлцсэн юм биш. Энэ хуулийн төсөлд төрийн нууцын зэрэглэлтэй тоо баримтууд яригдах учраас хаалттай хэлэлцэж байгаа юм. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн. Харьцангуй сайн үнэлгээ авсан байна.

-Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөлд "газрыг гадаадын иргэнд эзэмшүүлнэ" гэсэн заалт байсан уу?

-Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаа. Энэ хуулийн төсөлд нягтлан үзэх шаардлагатай олон заалт бий.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ