МУИС 2019 оны тэтгэлгээ зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-06-06 17:46:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-д суралцаж буй бакалаврын түвшний суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг суралцагчийг урамшуулах зорилготой “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг 2019” зарлалаа.

Олон улсын олимпиадад шагналт байр эзэлж медаль хүртсэн суралцагч, Сурч буй чиглэлээрээ их, дээд сургуулиудын оюутны дунд зохион байгуулдаг улсын чанартай мэргэжлийн олимпиад, эрдэм шинжилгээний хуралд эхний 3 байр эзэлсэн суралцагч, Улсын болон олон улсын чанартай урлаг, спортын наадам, уралдаан тэмцээнд МУИС-ийг төлөөлөн оролцож эхний 3 байр эзэлсэн суралцагч тэтгэлэгт нэрээ дэвшүүлэх боломжтой.
Уг тэтгэлэгт хөтөлбөрт элсэхийг хүсэгчид МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй суралцагч, сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш, ёс суртахууны доголдолгүй, сахилгын шийтгэлгүй, давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх зэрэг шаардлага хангасан байх ёстой.
Тэтгэлгийн хэмжээ нь тухайн хичээлийн жилд сонгосон 30-аас ихгүй багц цагийн төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний монгол төгрөг /нэг улиралд сонгосон 15-аас ихгүй багц цагийн 50 хувьтай тэнцэх төлбөр/-ийг 2 улирлын турш олгох юм.
Тэтгэлгийг 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын үйл ажиллагааны үеэр гардуулна.
Өнгөрсөн жил нийт 82 оюутан хүсэлт гаргаснаас 20 оюутан уг тэтгэлэгт тэнцжээ.
Ж.Болор

Холбоотой мэдээ