Д.Цогтбаатар: Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг судлах шаардлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-07 12:38:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулж буй “Монгол-Оросын санаачилга-2018” эдийн засгийн чуулга уулзалт “Монгол-Орос: Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа стратегийн түншлэлийг хөгжүүлэх түлхүүр хүчин зүйл болох нь” нэгдсэн хуралдаанаар үргэлжилж байна.
 Нэгдсэн хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар илтгэл тавив. Монгол, ОХУ-ын харилцаа Стратегийн хамтын ажиллагааны түвшинд хүрсэн бөгөөд үүнд улс төр, аюулгүй байдал, соёл, хүмүүнлэг, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа голлох нөлөө үзүүлж буйг сайд дурьдсан. Хоёр улсын гадаад худалдаа 2017 онд 1.3 тэрбум ам.долларт хүрсэн. Гэвч үүний 3 хувь буюу ердөө 67.7 сая ам.долларыг Монгол Улсын экспортын бүтээгдэхүүн эзэлж байгаа юм. Энэ нь Монгол Улсын нийт гадаад худалдааны 12 хувийг бүрдүүлж буй үзүүлэлт. Тиймээс худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч буйг онцлоод, “Хоёр улсын худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах, Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг судлах шаардлагатай байна. Мөн үзэсгэлэн худалдаануудыг урьдчилан тохирсон хуваарийн дагуу тогтмол зохион байгуулах, үзэсгэлэнд дэлгэх бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх, талбайгаар хангах зэрэгт холбогдох төрийн байгууллагууд дэмжлэг үзүүлдэг болох хэрэгтэй. Өнөөдрийн чуулганы үеэр энэ асуудалд анхаарлаа хандуулна гэдэгт итгэлтэй байна. Нөгөөтэйгүүр,  Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх 32 төслөөс нэн тэргүүнд ОХУ, БНХАУ-ыг холбох төмөр замыг шинэчлэх, хурдны автозам, цахилгаан дамжуулах шугам байгуулах төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх нь чухал юм” хэмээв.
 
Монгол Улс эдийн засгийн хүндрэлээ даван туулсан. Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд манай улсын эдийн засгийн өсөлт 2018-2020 онд 6.8 хувьд хүрэх боломжтой хэмээн таамаглаж буй. Монгол Улсын Засгийн газраас ч хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, ЗГХЭГ-ын дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан, Татварын багц хуулийн өөрчлөлтийн төслийг боловсруулаад байна. Үүний дүнд 2017 онд Монгол Улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 2016 оноос 6 дахин өссөн бөгөөд цаашдаа тогтвортой нэмэгдэх хандлагатай байгааг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар илтгэлийнхээ төгсгөлд хэллээ.

Мөн эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаанд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов илтгэл хэлэлцүүлэв.



Тэрбээр 2017 онд хоёр орны гадаад худалдаа өмнөх оныхоосоо 47 хувиар нэмэгдсэнийг дурьдаад, “Бид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа энэ хурдаараа хөгжүүлснээр ойрын хугацаанд 1.5 тэрбум ам.долларт хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Үүний тулд цахилгаан станц, аялал жуучлал, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх болно. Өнгөрсөн онд болсон төрийн тэргүүнүүдийн Владивостокын уулзалт нь хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд том түлхэц үзүүлсэн. Тиймээс энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Владивостокын уулзалтад дахин оролцоно гэдэгт итгэлтэй байна. Бидний өмнө Улаанбаатар төмөр замыг хөгжүүлэх, шинэчлэх томоохон зорилт бий. Энэ хүрээнд маргааш Монгол, ОХУ-ын Зам, тээврийн сайд нар уг асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурна. Мөн ТВС-2МС буюу АН2 агаарын хөлгийг Монгол Улсад угсрах ажлыг хамтран хэрэгжүүлж байгаа. Энэ бүх хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхэд энэхүү чуулган томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ