Солонгосын хойгийн бүс нутгийн харилцаанд Монгол Улсын үүрэг оролцоог тодотгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2018-06-07 13:36:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Солонгосын хойгийн харилцаа дулаарч, БНАСАУ, АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын өмнө Улаанбаатар хотноо “Солонгосын нэгдлийг хангах нь” сэдэвт олон улсын бага хурал болж байна. Тус хурлыг нээж УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг үг хэлэв. 

 Тэрбээр "Энэхүү олон улсын бага хурал нь бүс нутгийн улс орнуудын төрийн бус байгууллагуудын санал, санаачилгаар болж буй нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Сар гаруйхан хугацааны өмнө болсон нэгэн томоохон үйл явдал бол өнгөрөгч сарын 27-ны өдөр БНСУ-ын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт бөгөөд “Солонгосын хойгийн энх тайван, хөгжил цэцэглэл, нэгдлийн талаарх Панмунжеомын Тунхаглал”-д гарын үсэг зурсан явдал байлаа. Мөн удахгүй болох АНУ-ын ерөнхийлөгч, Хойд Солонгосын удирдагчийн түүхэн дээд хэмжээний уулзалт болох гэж буй нь цаашид бүс нутаг дахь хурцадмал асуудлыг намжаахад томоохон хувь нэмэр болох учиртай бөгөөд улмаар Солонгосын хойг цөмийн зэвсэггүй бүс нутаг болоход алхам алхамаар ойртож буйн илрэл юм. Мөн манай улс БНАСАУ-тай 1948 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Харин 1990 онд БНСУ-тай дипломат харилцаа тогтоож, эдүгээ хоёр орны харилцаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаа.
Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд цөмийн зэвсгээс ангид статустай манай улс  бүхий л түвшинд идэвхтэй оролцож ажиллах нь зүйн хэрэг" хэмээн онцлов. 

Энэхүү олон улсын хурлыг АНУ-ын “Глобал пийс фондейшн”,Өрнө Дорнын институт, БНСУ-ын “One Korea foundatoin”, “Action for Korea United” болон Монгол улсын “Mongolian forum for Korean Unificatoin” болон “Цэнхэр сүлд” зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хурлаар хоёр Солонгосын нэгдмэл харилцаа улам гүнзгийрч байгааг үнэт зүйл болгон үзэж Солонгосын хойгийн хөгжил дэвшлийг шинэ эрин үетэй холбох шаардлага гарч буйг хөндөв.

Хурлын бас нэг зорилго нь ирэх жилийн 3 дугаар сарын 1-нд болох Солонгосын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойн түүхэн ач холбогдлыг гаргаж ирэхэд оршиж буйг хуралд оролцож байгаа БНСУ-ын Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал Жин Шин онцолсон юм. Өнөөдрийн бага хурал нь дээрх ойн хүрээнд болох цуврал арга хэмжээний нэг бөгөөд Монголоос гадна Солонгосын Эрх чөлөөний хөдөлгөөнтэй холбогддог Энэтхэг, Япон зэрэг оронд үргэлжилж 2019 оны 3 дугаар сарын 1-нд өндөрлөх юм.
Тодруулбал, “Солонгосын хойгийн шинэ хавар-нэгдлийн үйл явцын хэтийн төлөв”, “Зүүн хойд Ази дахь тулгамдсан асуудал-шийдвэрлэх арга зам”, “Зүүн хойд Азийн эдийн засаг” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө. 
Энэ удаагийн хурал Монгол Улсад болж байгаа нь Солонгосын асуудал болон бүс нутгийн аюулгүй байдлын харилцаанд хоёр Солонгос улстай сайн хөршийн найрсаг харилцаатай байдаг Монгол орны үүрэг оролцоог тодотдгоход чиглэж буйг хурал зохион байгуулагчид хэлж байв. Манай улс Зүүн хойд Азийн асуудалд идэвхтэй зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг хичээн ажиллаж ирснийг Монголын талын төлөөлөл илэрхийлсэн.
Цөмийн зэвсгээс ангид статустай, төвийг сахисан улс гэдгээ дипломат үйл ажиллагаагаар нотолж, бүс нутгийн хэмжээнд итгэлцэл, хамтын ажиллагаанд дөхөм үзүүлэх үүднээс Улаанбаатарын яриа хэлэлцээ (Ulaanbaatar process), Улаанбаатарын үйл явц (Ulaanbaatar dialogue) гэсэн бодлого бүхий үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж, энэ талаар олон улстай идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм.

Ийм замаар манай улс Умард Солонгосын цөмийн асуудалд аль нэг гүрнийг дагахгүй, төвийг сахисан, бодит байдлаар оролцох өргөн боломж байгааг гадаад, дотоодын судлаачид нотолж байгааг “Цэнхэр сүлд” ТББ-ын тэргүүн, судлаач, дипломатч Ж.Энхсайхан өнөөдрийн хуралд онцолсон юм.
“Хурцадмал байдлыг намжаан итгэлцлийг бэхжүүлэх замаар Солонгосын нэгдлийг хангах нь” сэдэвт олон улсын бага хуралд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНСУ-ын парламентын гишүүн И Жон Гил, Японы парламентын гишүүн асан Кимата Ёшитаке, “Нэг Солонгос сан”-гийн тэргүүн, доктор Жай Пүн Риу, Дэлхийн Энхийн сангийн гүйцэтгэх захирал Жеймс Флинн, Дипломат академийн захирал О.Бэхбат, Элчин сайд Ч.Ломбо нар, БНАСАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд, судлаач эрдэмтэд зэрэг 80 гаруй төлөөлөл оролцож байна.
Б.Болд
 
Холбоотой мэдээ