Японд ажиллах хүчийг роботууд орлож магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-03 14:52:51

ТОКИО. /TASS/. Одоо Японд хүмүүсийн эрхэлж байгаа ажлуудын гуравны нэг гаруйг нь 10-20 жилийн дараа хиймэл оюун ухаан бүхий роботууд гүйцэтгэж магадгүй. Тухайлбал, роботууд супермаркетуудын ажилтан, таксины жолооч, зочид буудлын цэвэрлэгч болно гэж Номура судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ. Энэ тайланг бэлтгэхэд АНУ-ын Оксфордын их сургуулийн мэргэжилтнүүд оролцсон тухай телевизийн NHK компани мэдээлсэн байна.

Номура хүрээлэн нь Японы хөрөнгө оруулалтын "Номура секьюритиз" банкны дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг аж. Тус хүрээлэнгийн шинжээчид Японд хамгийн түгээмэл мэргэжлүүдэд шаардагддаг мэдлэг, ур чадварт компьютераар дүн шинжилгээ хийжээ. Хиймэл оюун ухаан бүхий аппаратууд ойрын ирээдүйд мэргэжилтнүүдийн судалсан 601 төрлийн ажлын 235-ыг нь гүйцэтгэх боломжтойг робот техникийн хөгжлийн урьдчилсан таамаг харуулсан байна. Одоогийн байдлаар эдгээр ажлыг Японд 25 сая хүн буюу нийт ажиллах хүчний 49 хувь нь хийдэг аж.

Үүний сацуу дээр дурдсан хугацаанд роботууд хүмүүстэй идэвхтэй харилцдаг мэргэжлээр хүмүүсийг орлож чадахгүй нь судалгаагаар тогтоогджээ. Тухайлбал, энэ нь эмч, багш, аяллын хөтөч, үсчин зэрэг мэргэжил юм. Энд мөн бүтээлч хөдөлмөр шаардсан хөгжимчин, кино найруулагч зэрэг мэргэжил хамаатай. Шинжээчид мөн технологи хөгжсөнөөр хэд хэдэн мэргэжил устаж үгүй болж магадгүй гэж үзэж байна.

Дээрх судалгааг Японы хүн ам эрчимтэй хөгширч, ажиллах хүч хомсдож байгаатай холбогдуулан явуулсан байна. Хүн амзүйн одоогийн чиг хандлага хэвээр хадгалагдвал 2040 он гэхэд 65-аас дээш насныхан тус улсын хүн амын 36 гаруй хувийг эзэлнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ