Олондоо нэртэй, түмэндээ хүндтэй Мөнхөөгийн Юмжирмаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-06-13 14:27:56
Хэнтий /МОНЦАМЭ/ Нэгэн жарны түүхэн цаг хугацаанд бүтээсэн бүхэн нь нэрээр нь овоглогдож, нэгэн үеийнхээ түүчээ эмэгтэйчүүдийн тэргүүн эгнээнд алдараа мөнхөлж, эрин үеийнхээ манлай,  энэ цагийнхаа үлгэр жишээ болж яваа эрхэм нэгэн бол нам, төрийн ахмад зүтгэлтэн Мөнхөөгийн Юмжирмаа билээ.

Бор-Өндөрчүүд төдийгүй Хэнтийчүүдийн хэзээний танил түүнийг “Юмжирмаа дарга” хэмээн ард олон нь хүндэтгэн дууддаг юм. Төр түшилцсэн хатан ухаан, түмнээ төлөөлсөн Хэнтийн эгэл бүсгүйн тухай өгүүлэхийн учир нь хүн гээчийн алдрыг зөв дуудуулж, хүнлэг ариун сэтгэлээ бусдад зөв түгээхийн  үлгэр 33 жилийн түүх  болой.
 
Тэртээх 1957 онд хүмүүний хувьтай нь онож төрдөг Дадал сайхан нутагт хүн төрлийг олон Мөнхөөгийн гэр бүлд Юмжирмаа охин мэндэлжээ. Түүний хүүхэд нас Дадал нутгийн эгэл багачуудын адил ажил хөдөлмөр буцалсан зон олныхоо дунд дурсамж, дурдатгал дүүрэн өнгөрч, нэг л мэдэхэд ажил мэргэжил сонгох чухал цаг үетэйгээ золгосон гэдэг.  Амьдралынхаа анхны алхамыг 16-хан насандаа буюу 1973 онд хийж,  Улаанбаатар хотын Худалдааны техникум хэмээх оюутан залуус чуулсан номын өргөөнд  Ном зүйчээр суралцахаар эрдмийн аянд мордож байв.

Ингээд 1976 онд сургуулиа төгсөж, Хэнтий аймгийн Номын худалдаанд худалдагчаар ажилд орж, ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байжээ. Номын цагаан буян гэдэг агуу учраас ажил амьдралынхаа гарааг номоор эхэлсэн Юмжирмаагийн  амьдралын зам мөр ийн өрнөж эхэлсэн юм. Тэрээр 1976-1981 онд Өндөрхаан хотын Номын худалдааны төвд худалдагч, ном зүйч, номын мэргэжилтнээр ажиллаж, 1981 оноос улс төрд орж, 1981-1986 онд Цэнхэрмандал сумын МАХН-ын хороонд орлогч дарга, нарийн бичгийн дарга, 1991-1992 онд Баянмөнх сумын МАХН-ын хороонд Намын хорооны дарга, 1992-1994 онд  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Харин Уул уурхайн салбарт 1996 оноос хүчин зүтгэх болж, 1996-2000 онд Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн  Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Энэ үедээ Соёлын төвдөө жазз хөгжмийн хамтлаг байгуулан, дэлхийн улс орнуудын соёл урлаг, хөгжмийн боловсролыг нутаг орондоо түгээж байсан  сайхан түүх бий. Бусдыг манлайлах, үлгэрлэх хатан ухаан цогцолсон энэ эмэгтэй 2000 оноос төр түшилцэх болж, 2000-2004  онд Бор-Өндөр хотын захирагчаар нэр төртэй, хариуцлагатайгаар ажиллаж байсан юм.

Хотын захирагчаар ажиллаж байх хугацаандаа Бор-Өндөр хотын ажлын үзүүлэлтийг дээшлүүлж, 2004 онд ажлын үзүүлэлтээрээ аймагтаа 2-р байранд орж байсан нь түүнийг төрийн сайн зүтгэлтэн гэдгийг илтгэнэ. Тухайн үед хийж бүтээж явсан үйл хэрэг нь өдгөө хойч үедээ уламжлагдан үргэлжлэн түүчээлж явна.  Юмжирмаа дарга 2004-2008 онд Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Соёлын төвийн эрхлэгчээр дахин ажиллах болов. Түүний хувьд соёл урлагийн салбарт 14 жил зүтгэсэн гавъяатай нэгэн билээ. Түүний удирдаж байсан Бор-Өндөр хотын Соёлын төв нь мэргэжлийн урлагийн байгууллагаас дутахааргүй сайн ажиллаж, Хэнтий, Дорноговь, Төв, Сүхбаатар аймгийн хил залгаа сумын иргэд, хөдөлмөрчид, малчдад урлаг, соёлын олон талт арга хэмжээгээр үйлчилж, тухайн үедээ иргэд, үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан юм. Юмжирмаа дарга 2008-2010 онд  Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн хүний нөөцийн хэлтсийн дарга, мэргэжилтэн, 2010-2013 онд Дархан сумын ИТХ-ийн Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2013 онд гавъяаны амралтандаа гарчээ.

Үйлсээрээ олондоо хүндтэй, үйл хэргээрээ түмэндээ нэртэй  ажиллаж, амьдарч ирсэн түүний бахдам түүхийг  өнгөрсөн түүхэн цаг хугацааны шаргал хуудсууд, өнөр олон түмний итгэл хүндлэл  гэрчилнэ. Заяа тавилангийн хөсөг эрхэм бүсгүйн амьдралыг Бор-Өдөр нутагт хүргэж, энэ л нутагт төрсөн нутгаа адил ээнэгшин дасах дурсамж 1995 оноос эхтэй. Тэрээр Бор-Өндөрийн залуу үеийг төрийн ажил албанд сургаж бэлтгэхээс гадна амьдралын ороо бусгаа нугачаанд алдаж онож яваа нэгнийг ч зөв замд нь татан оруулж, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагад ажиллуулан амжилтанд хүргэж байсан түүхийг Бор-Өндөрийн ард түмэн одоо ч сайшаан ярьдаг юм билээ. 
Юмжирмаа даргын амьдралын зам мөр дандаа шулуун байгаагүй ч даваад гарах тэсвэр тэвчээр, ур ухааныг бурхан түүнд харамгүй хайрлажээ. Тиймдээ ч амьдарлын нугачаанд 1957 онд аав Я.Мөнхөө нь өвчний улмаас таалал төгсөж, ээж Д.Долгорын хамт эгч дүүтэйгээ торойн үлдэж байсан цаг хугацаа түүнийг хатуужуулсан гэлтэй. Хагацлын хар сүүдэр түүнийг дахин дайрч эгч М.Цэцэгээ нь тэнгэрт халихад өнчирч хоцорсон 4 хүүхдийг дүү М.Оюуны хамт өсгөн хүмүүжүүлж, мэргэжил боловсрол эзэмшүүлэн, хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэжээ.

Сайн хань амьдын диваажин гэдэг. Амьдрал Юмжирмаа бүсгүйд дэндүү сайн хань заяасан хэрнээ даанч эрт аваад явчихсан гэдэг. Батширээт сумын уугуул Д.Баярсайхан хэмээх хүний хайлантай амьдарч, 3 сайхан хүү төрүүлэн, мөр мөрөө түшин амьдарч, жаргаж  явсан цаг хугацааг тэр хэзээ ч мартахгүй тийм  нандин дурьдатгал юм. Түүний хань Д.Баярсайханы хувьд мөн л боловсролын салбарт 30 гаруй жил зүтгэсэн олондоо хүндлэгдсэн нэгэн байв. 2011 онд хань нь тулгын гурван чулуу шиг хөвгүүдээ үлдээгээд бурханы оронд заларчээ. Юмжирмаа дарга эдгээр эрэээ бараан өдрүүд, эль хуль орчлонгийн шалгуурыг зөв сэтгэлээр даван туулж, бусдын төлөөх үйл хэргээ нэг ч удаа зогсоож байгаагүй юм.     

Мөнхөөгийн Юмжирмаа хэмээх амьдралдаа эзэн, амьдарч буй цаг үедээ манлайлагч нь болж яваа энэ эгэл бүсгүйн нам, төрийн төлөө зориулсан 33 жилийн хөдөлмөрийг улс өндөрөөр үнэлж,  1981 онд МХЗЭ-ийн Тэргүүний залуу алтан медаль,  1978, 1980 онд 5,6-р жилийн гавшгайч тэмдэг,  1991, 2001 онд  Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль,  1991 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2000 онд Хөдөлмөрийн хүндэт медаль,  2018 онд Төрийн дээд Алтангадас одонгоор тус тус шагнажээ.

Амьдралын их нугачаанд хүн сэтгэлээ алдаагүй, алдаж онохын их хязгаарт бусдын төлөө юугаа ч харамлаагүй Мөнхөөгийн Юмжирмаа хэмээх их алдар одоо ч ам дамжигдан дуудагдсаар,  олондоо хүндлэгдсээр...

Хан Хэнтий нутгийн хатан ухааны түүчээ ирээдүй хойчоо хүмүүжүүлж явна
Хан төрөө түшилцсэн хатан буурал ухаан залгамжаа бэлтгэн завгүй алхаж явна.
 Д.Одонтунгалаг








 
 
Холбоотой мэдээ