Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгчтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-04 11:04:54

Эрчим хүчний сайд Д.Зоригт Азийн хөгжлийн банкны Хувийн хэвшил, хамтарсан санхүүжилт хариуцсан дэд ерөнхийлөгч Дивакар Гупта, ахлах зөвлөх Якав Вейнберг Соренсен, Хувийн хэвшлийн дэд бүтцийн санхүүжилт хариуцсан захирал Х.Кимура, АХБ-ны суурин төлөөлөгч Р.Шоллехамер нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар ДЦС-5-ын эрчим хүч худалдах худалдан авах тухай гэрээний нээлттэй орхисон зарим зүйл заалтыг гүйцээх, АХБ-ны зээлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дэд бүтцийн санхүүжилтийн асуудлыг мөн АХБ-ны зүгээс анхаарч ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж буй тухай Д.Гупта мэдэгдлээ.

Түүнчлэн ДЦС-5 төсөлтэй холбоотойгоор АХБ-аас 3 ажлын хэсэг гарч төрийн холбогдох байгууллагуудад зөвлөгөө өгөх дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байгаа талаар АХБ-ны суурин төлөөлөгч Р.Шоллехамер хэллээ.

Азийн Хөгжлийн Банк Монгол Улсын эрчим хүчний салбарт 1993 оноос идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнөөгийн байдлаар нийт 13.6 сая ам.долларын 14 төсөл арга хэмжээг буцалтгүй тусламжаар, 66.15 сая ам.долларын 4 төсөл арга хэмжээг хөнгөлттэй зээлээр санхүүжүүлсэн байдаг.

АХБ-аас буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд нь эрчим хүчний салбарын бодлого төлөвлөлтийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, салбарын үр ашгийг дээшлүүлэх, бага орлоготой иргэдийн эрчим хүчний хангамжийг сайжруулахад чиглэсэн бөгөөд энэ хүрээнд Эрчим хүчний салбарын мастер төлөвлөгөөг гаргах /1999, 2010/, ДЦС 5 төслийн ТЭЗҮ боловсруулах /2010/ зөвлөх үйлчилгээний ажлууд хийгдсэн.  Зээлийн хөрөнгөөр ДЦС 3, ДЦС 4, УБДС ТӨХК-уудад техник, технологийн шинэчлэлтийн ажлууд хийгдсэн байна.

Цаашид эрчим хүчний салбарт Эрчим хүчний үр ашиг ба Байгаль орчны төсөл нэрээр хэрэгжих Дамжуулах түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх чиглэлд судалгаа хийх, хүний нөөцийг хөгжүүлэх, ДЦС5 төслийг ТХХТ-н хүрээнд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл, Монголын эрчим хүчний худалдааны стратеги (Азийн супер сүлжээ) нэрээр хэрэгжих  Говьтэк болон Азийн эрчим хүчний супер сүлжээ олон улсын санаачлагыг хэрэгжүүлэх суурь судалгааны төсөл, Хөдөөгийн сум суурингийн дулаан хангамжид нарны эрчим хүч ашиглах нэрээр хэрэгжих зарим сумдын төвийн халаалтыг нар-нүүрс хосолсон системээр шийдвэрлэх зэрэг төслүүдийг эхлүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ