"Европын холбооны хуралдааны өдрүүд" арга хэмжээ болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ, Европын Холбооноос Монгол Улсад суугаа ЭСЯ, МҮХАҮТ, “Монголын худалдааг дэмжих” (ТРАМ) төсөл хамтран 2018 оны 6 дугаар сарын 14-15-ны өдөр “Европын Холбооны худалдааны өдрүүд” арга хэмжээг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав. “Европын Холбооны худалдааны өдрүүд” арга хэмжээний хүрээнд 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Шангрила зочид буудалд хүндэтгэлийн хүлээн авалт болж, уг арга хэмжээнд төрийн байгууллагын өндөр албан тушаалтнууд, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд нар, холбогдох ажилтнууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцов.
Хүндэтгэлийн хүлээн авалтыг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар нээж, хоёр талын өнөөгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар танилцуулав.
“Европын Холбооны худалдааны өдрүүд” арга хэмжээний хүрээнд энэ сарын 14-ий өдөр МҮХАҮТ-нд Монгол Улс, Европын Холбооны худалдааны уулзалт семинар зохион байгуулж, уг арга хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 200 гаруй төлөөлөгч оролцов.
Уулзалт семинарын үеэр “Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ээс хүртэх ашгийг нэмэгдүүлэх боломж”, “Монголын худалдааг дэмжих” (ТРАМ) төсөл, “Европын Холбооны импортын тусгай нөхцөл (REX system)”, “Монгол-ЕХ-ны Худалдааны танхимуудын харилцаа, хамтын ажиллагаа”-ны талаар илтгэлүүд тавигдаж, “Экспортын замын хөтөч”, “GSP+”, “АТА Carnet-ийн журам” зэрэг гарын авлагуудыг танилцуулав. Түүнчлэн Европын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлож буй, мөн экспортлох боломж бүхий 20 үндэсний компаниудын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гарав.