Хүнсний бодлогыг тодорхойлох хөрөнгө оруулалтын чуулганыг Сэлэнгэд зохиох санал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-06-19 15:07:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Намрын чуулганаар баталсан Малын генетик нөөцийн тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийн талаар УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг мэдээлэл хийв.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжүүлэх бэлтгэлийг хангахаар 7 чиглэлийн 146 арга хэмжээ, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжүүлэх бэлтгэл хангахаар 12 чиглэлийн 95 арга хэмжээг тус тус хэрэгжүүлж байгаа талаар Б.Батзориг сайд мэдээллийн эхэнд танилцууллаа. Хуулийг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор Мал эмнэлгийн үржлийн газрын нэрийг "Мал эмнэлгийн ерөнхий газар" гэж өөрчлөхөөр, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэх, батлах тухай” УИХ-ын 2016 оны 12 дугаарын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын үзэл баримтлал, төслийг боловсруулж, холбогдох бэлтгэл ажлыг гүйцэтгээд байгаа юм байна. Мөн бүтэц, зохион байгуулалттай холбоотой Засгийн газрын тогтоолын 9 төслийг боловсруулсан бөгөөд хуулиудын хэрэгжилтийн хүрээнд зарим хуулийн давхардал, зөрчил гарч байгааг өөрчлөх, эрх зүйн орчны холбогдох өөрчлөлтийг хийхээр төслүүдийг боловсруулж байгаа гэв. 

Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асуухдаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлийн бодлого, арга хэмжээ, Мал эмнэлгийн хүрээлэн, энэ төрлийн судалгаа, эрдэм шинжилгээний бүтцийн байгууллагууд малын өвчинтэй тэмцэх шинэ төрлийн био бэлдмэл, сорьцыг бэлтгэж буй эсэх, импортын вакцин, био бэлдмэлийг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжийн талаар тодруулж байв. Б.Батзориг сайд "Засгийн газраас тариалангийн бүс нутгаа зарласан нь олон талын ач холбогдолтой. Ингэснээр нэн тэргүүнд газар тариалангийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэх, үүнийг түшиглэсэн эрчимжсэн мал аж ахуйн хөгжил, малын тэжээлийн үйлдвэрлэл, нөөцтэй холбоотой арга хэмжээнүүдийг тодорхойлон хэрэгжүүлэх боломж бүрдээд байгаа" гэв. 

Малын вакцины тухайд ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Алтангэрэл "Монгол Улсын мал сүргийг эрүүлжүүлэхэд “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газраас 60 гаруй нэр төрлийн оношлуур, вакцин үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээний 90 хувийг хангаж байгаа. Импортоор хоёр нэр төрлийн вакцин авч байгаа. Мал эмнэлгийн хүрээлэн сүүлийн 10 гаруй жилийн судалгааны үр дүнд 6 нэрийн вакцины технологи бий болгосон ч үйл ажиллагааны байгууллагуудын харъяалал өөр байдгаас үүдэн үйлдвэрлэлд нэвтрүүлж чадаагүй. Мал эмнэлгийн үйлчилгээ тогтсон хэлбэрээрээ үргэлжилж байгаа бөгөөд 2018 оны байдлаар мал эмнэлгийн арга хэмжээ нийтдээ 21 тэрбум төгрөгийн вакцин, үйлчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт, лабораторийн тандалт үйлчилгээний ажлууд төлөвлөсөн хугацааны дагуу гүйцэтгэгдэж байгаа" гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Сэлэнгэ аймаг бол хүнсний стратегийн онцгой ач холбогдол бүхий бүс нутаг учир бодлогын түвшинд уг асуудлыг хэлэлцэн, хөрөнгө оруулалтыг татахуйц бодлого, шийдвэрийг салбарын яам болон Засгийн газар авч хэрэгжүүлэх шаардлагатай гээд 2019 оны Монголын хүнсний бодлоготой холбоотой стратегийн гол бодлогыг тодорхойлох хөрөнгө оруулалтын асуудлаар чуулганыг энэ наймдугаар сард Сэлэнгэ аймагт зохион байгуулахад салбарын яам санаачилж, зохион байгуулах талаар судалж үзэх хүсэлт гаргав. 

Мөн Цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлогын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийлээ. Бэлчээрийн төлөв 6 дугаар сарын 10-ны байдлаар, нийт газар нутгийн 30 хувь нь хэвийн, 30 хувь нь дунд, 40 хувь нь муу үнэлгээтэй байгаа аж. Тухайлбал, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Архангай, Төв, Говь сүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудын зарим суманд хур бороо муутай, байдал хүнд байгаа аж.

Энэ онд бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад 1.7 тэрбум төгрөгөөр 17 аймагт 133 инженерийн хийцтэй худаг гаргахаар тендер зарлан гэрээ байгуулсан, аймаг, орон нутагт ажил явагдаж байна. Мөн бэлчээрийн хөнөөлт мэрэгчидтэй тэмцэх ажлыг энэ онд 650.0 мянган га-д хийж гүйцэтгэхээр ажиллаж байгаа гэв. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг 5 дугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн бөгөөд төлөвлөгөөт ажлууд үргэлжил байгаа аж.

"Цаг уурын нөхцөл байдлын өөрчлөлттэй холбоотойгоор усалгаатай газар тариаланг нэмэгдүүлэх шаардлага бий. Манай улс 1.5 сая га тариалангийн талбайтай. Үүний 5000 га нь усалгаатай. Яамнаас үүнийг нэмэгдүүлж 80000 га болгох зорилт тавин ажиллаж байна” гэж Б.Батзориг сайд танилцуулж байв. Мөн хөрс хамгаалах, ойн зурвас тавих, газар тариалангийн бүс нутгаа хашаалж, хамгаалах ажлын талаарх зохион байгуулалтыг яаман дээр бэлтгэж байна. Салбарын техник шинэчлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, үр сортын шинэчлэлд яамнаас бодлогоор дэмжлэг үзүүлэх ажлуудыг хийж байгаагаа хэллээ. Үүний зэрэгцээ цаг агаарт зориудаар нөлөөлж мөндөрийн үүлийг сарниулах, нийслэл орчимд үүлэнд зориудаар нөлөөлж хөрсний чийгийн тэтгэх, хуурайшилтын нөлөөг бууруурлах, ой хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа талаараа дэлгэрэнгүй мэдээллээ.

Мэдээллүүдтэй холбогдуулан гишүүдээс гаргасан санал, санаачилгыг ХХААХҮЯ-ны хамт олон анхаарч, авч хэрэгжүүлэх тал дээр ажиллах нь зүйтэй гэдэг чиглэлийг хуралдаан даргалагчаас хуралдааны төгсгөлд өгсөн юм.
Н.Гантуяа
Холбоотой мэдээ