Татвараа төлөөгүй жолоочийг торгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-06-21 00:06:46
Баянхонгор /МОНЦАМЭ/. Оны эхний хагас жилийн байдлаар нийт 7048 авто тээвэр болон өөрөө явагч хэрэгсэл /АТБӨЯХ/ аймгийн Татварын хэлтэст татварын төлөлт хийжээ. Тодруулбал, мөн хугацаанд татвар төлөгчийн албан татвар 253837.5 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт, агаарын бохирдлын төлбөрөөр 22551.7 мянган төгрөгийг улсын төсөвт, авто зам ашигласны төлбөрөөр 137209.0 мянган төгрөгийг тус тус орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.
Баянхонгор аймгийн хэмжээнд автотээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгсэл 20 мянга орчим байдаг аж. Түүнээс 11 мянга гаруй нь идэвхтэй байж, цаг хугацаандаа татвар төлөн оношлогоондоо орж, замын хөдөлгөөнд оролцдог байна.
Хуулийн дагуу тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу арга хэмжээ авахыг холбогдох албаныхан хэлэв.
Тээврийн хэрэгсэл эзэмшигчид Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө төлсөн эсэхээ www.smartcar.mn сайтаас нягтлан үзэх боломжтой.
                                                                                                                                   Б.Мөнхзул
Холбоотой мэдээ