ТҮҮХИЙН УРТАД АВЧ ҮЛДСЭН ӨВ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-06-28 13:14:27


Үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж батал­гаа­жуулна гэдэг нь тухайн улс үндэст­­ний нэр төрийн хэрэг бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хүндтэй үүрэг хариуцлага гэж үздэг. ЮНЕСКО-д бүртгүүлснээр тухайн өвийг орон нутаг, улс үндэстэн, олон улсын төвшинд танин мэ­дүүлж, хадгалж хамгаалах, сэргээн ами­луулах, түгээн дэлгэрүүлэх явдал хам­гийн чухал юм.

Өнөөдрийн байд­лаар Монголоос ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын  биет бус өвийн төлөөллийн жагсаалтад долоо, Яаралтай хамгаалах шаардлагатай соё­лын биет бус өвийн жагсаалтад зургаа, “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт дөрөв, Дэлхийн соёлын өвд гурав, Дэлхийн байгалийн өвд нэг өв, нийт 21 өвийг бүртгүүлээд байгаа юм.

Язгуур урлаг

Монголчууд өөрсдийн үндэстний зан заншил, уламжлалт ахуйг шингээсэн ардын, язгуур урлагийн гайхалтай өв соёлтой ард түмэн. Хамгийн анх 2008 морин хуур хөгжим, уртын дуу зэргийг “Хүн төрөлхтний  биет  бус соё­лын өвийн төлөөллийн жаг­саалт”-д бүртгүүлж байсан юм. Цаашлаад бий биелгээ буюу монгол ардын бүжиг, цуур хөгжим, хөөмэй зэргийг бүртгүүлсэн байдаг.



Жишээ нь морин хуур бол монгол угсаатны соёл, зан заншлын уламжлалыг цогц байдлаар агуулж буй хөгжмийн зэмсэг бөгөөд баяр наадам, хурим найр, ёслол хүндэтгэл, мал аж ахуйн холбогдолтой олон зан үйлд морин хуур хөгжмөөр ая эгшиг өргөдөг уламжлалтай. Түүнчлэн төгөлдөр хуур, гитар, хийл зэрэг хөгжмөөр амьсгалах болсон тухайн цаг үед морин хуурыг сонирхож тоглох хүүхэд залуучууд ховордоод байв. Харин 2008 онд морин хуур хөгжмийг Юнескогийн соёлын өвд бүртгүүлснээр олон хүүхэд залуус уламжлалт өв соёлоо дээдлэх, морин хуурыг сонгож хичээллэх болсон юм.

2012 оноос хойш нийт долоон удаа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч асан Ц.Элбэрдоржийн ивээл дор язгуур урлагийн хамтлагуудын нэгдсэн тоглолтыг зохион байгуулаад билээ. Жил жилийн тоглолтын нэр нь бэлгэ дэмбэрэлтэй, гүн гүнзгий утга агуулгатай байдаг.



Тухайлбал 2012 онд “Монгол”, 2013 онд “Монгол төгсөшгүй”, 2014 онд “Монгол мөхөшгүй”, 2015 онд “Монгол мохошгүй”, 2016 онд “Тэнгэр тамгатай Монгол”  гэсэн нэртэй байсан бол 2017 онд язгуур урлагийн хамтлагуудын нэгдсэн тоглолтыг "Эх ундарга” нэрийн дор олон нийтэд толилуулсан юм. Мөнхүү язгуур урлагийн хамтлагууд Монголоо сурталчлахад онцгой үүрэг гүйцэтгэж байгааг ч энд дурдаж болно. Тухайлбал язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг хилийн чанадад Монголоо сурталчилж, монгол өв соёлоороо гадаадын сая сая үзэгчдийг байлдан дагуулж яваа. Дэлхийн соёлын өвд Монголын язгуур урлагийн хэд хэдэн төрөл ийнхүү бүртгэгдсэн хойно, улам ихээр түгээн дэлгэрүүлэх, сурталчилах ажил ийнхүү хийгдсээр байна.

ОЮУНЫ ҮНЭТ ӨВ

Түүхийн уртад үлдсэн ой дурсамжууд, нүүдэлчдийн эрхэлдэг аж ахуй болон соёлын онцлогтойгоо холбоотой тогтсон үндэстний ой дуртгал бүхлээрээ нийлж байж Монголын гэх тодотголтой оршихуйн хэлбэрийг бүтээдэг. Харин тэрхүү ой дуртгалын өвөрмөц онцлогыг ном судар тодорхойлж чадна.

Баримтат   өвийн    үнэт    дурс­галуудыг гэмтэж устахаас сэргийлэн хадгалж хамгаалах зорилгоор ЮНЕСКО-гийн 1992 оноос эхлэн хэрэг­жүүлсэн “Дэлхийн дурсамж” хөтөл­бөрийн “Дэлхийн баримтат өвийн жагсаалт”-д Монголын Үндэс­ний номын санд хадгалагдаж буй дөрвөн судар ном бүртгэгдсэн байдаг. Эдгээр нь “Лу. Алтан товч”, “Монгол шунхан Данжуур”, “Есөн эрдэнийн Ганжуур”, “Сахиусан Дара эх” зэрэг судар номууд юм.

2012 онд Ерөнхийлөгч 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг “Номын баярын өдөр” болгосон билээ. Номд дуртай хүн бүхний өргөнөөр тэмдэглэж, хүсэн хүлээдэг болсон энэхүү баярын өдрийг Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг суманд тэмдэглэдэг уламжлал тогтсон. Энэ үеэр баримтат өвийн жагсаалтанд бүртгэгдсэн дээрх оюун санааны гайхамшигт судар номуудыг уншигч, залуучуудад таниулж, үнэ цэнийг улам нэмэгдүүлэх болсон юм.



2013 онд Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Үндэсний номын сан”-гийн уншлагын танхимын үйл ажиллагааг дэмжин өргөжүүлж, “Цахим номын сан” төсөл хэрэгжүүлснээр нь “Лу. Алтан товч”, “Монгол шунхан Данжуур” зэрэг үнэт, ховор номын өвтэй цахимаар танилцах боломж бүрдсэн байдаг. Мөн орчин үеийн залуусын оюуны шинэ хэрэгцээ болсон “M+” аппд “Лу. Алтан товч” уншигдах байдлаар орсон нь бий.

Бид аливаа үнэт өвийг бүртгүүлчихлээ гээд энгэрийн тэмдэг шиг хадчихаад санаа амарчих юм биш. Учир үүнийг яаж хамгаалах вэ гэдгийг нэр дэвшүүлсэн бичиг баримтандаа тусгаж оруулсан байдаг. Хамгаалах арга зам, зарах хөрөнгө мөнгийг нь хүртэл заасан дэлгэрэнгүй төлөвлөгөө бий. Тэр дагуу бид өөрсдийн оюун болоод соёл, ёс уламжлалын үнэт зүйлсээ хамгаалах ёстой. Аливаа үндэстний соёлын өв гэдэг дэлхийн өв байдаг билээ. Гол нь тухайн өвийг ЮНЕСКО-д бүртгүүлээд өнгөрөх бус цаашид илүү их таниулж, сурталчилах олон ажил ийнхүү хийгдэж буй нь сайшаалтай.
 
Б.Алтанхуяг

Холбоотой мэдээ