Д.Лүндээжанцан: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг энэ онд багтаан шийднэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-07-02 13:39:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын 67 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байна. Энэ талаар өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээлэл хийв.

УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг өнгөрсөн оны 5 дугаар сарын 25-нд байгуулсан. Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн хэрэгцээ шаардлагын талаар олон нийт, улс төрйн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг, санал асуулга явуулж, 42 заалт бүхий төсөл боловсруулжээ. Хуулийн төсөлд УИХ-ын гишүүд хууль, тогтоолын төслийн санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүнийг эгүүлэн татах, насны доод хязгаарыг нэмэх, хууль батлах саналын босгыг өндөрсгөх зэрэг заалтыг тусгасан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, "Эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэхийн тулд УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзах, Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, улсын төсөв батлахдаа Засгийн газар зөвшөөрөөгүй бусад зардлыг хэлэлцүүлгийн шатанд нэмэхгүй байх зэрэг заалтыг оруулсан. Харин шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулах чиглэлээр шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлага тооцох тогтолцоог бий болгохоор төсөлд тусгасан. Тухайлбал, Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлэх, шүүгчээр ажиллах хугацаа, насны доод хязгаарыг тогтоохоор тусгажээ. Мөн сонгууль бүрийн дараа төрийн албанд хийдэг халаа, сэлгээг хязгаарлах, албан тушаалтныг томилохдоо ил тод шударга байдлыг хангах, улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тодорхой тусгаж байгаа" гэлээ.
 
Ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуулийн төсөлд Засгийн газар болон  бусад холбогдох байгууллагуудын саналыг тусгахаар ажиллаж байгаа аж. Холбогдох байгууллагуудын саналыг 30 хоногийн дотор хүлээн авч, хуулийн төслийг дахин боловсруулан УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа аж.

Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
 
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг улс төрийн намуудтай зөвшилцсөн гэж ойлгож болох уу. Ардчилсан намын зүгээс ойлголцолд хүрээгүй гэсэн байр суурьтай байсан?
 
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тооцоо, судалгаатай боловсруулах зарчмыг баримталж байгаа. Зарим хүмүүс нэмэлт, өөрчлөлтийн төслийг удааж болохгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Үндсэн хууль бол Монголын нийгэмд маш том үүрэг гүйцэтгэх тул болгоомжтой хандах хэрэгтэй. Үүнд АН-ын гишүүд идэвхтэй оролцож байгаа.  Намрын чуулганы үед зарим нэг асуудлаар тохиролцох, зөвшилцөх асуудал гарах  байх.
 
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг наадмын дараа ээлжит бус чуулган зарлаж, хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. Хуулийн төслийг хэзээ өргөн барихаар төлөвлөж байна вэ?
 
-Нэмэлт, өөрчлөлтийн төслийг намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан. Ямартай ч энэ онд багтаан шийдвэрлэнэ.
 
-Нэмэлт, өөрчлөлтөд сонгуулийн тогтолцоог ямар байхаар тусгаж байна вэ?
 
-Сонгуулийн тухай хуульд энэ асуудлыг тусгасан. Хэлэлцүүлгийн явцад хөндөгдөх байх.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ