Бархасбадь гараг 79 дагуултай болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-18 15:20:41
twitter.com/Nyamkanmk
ВАШИНГТОН. /АР/. Одон орон судлаачид Бархасбадь гарагийн тойрог замаас нэмж 12 дагуулыг илрүүлжээ. Ингэснээр манай нарны аймгийн хамгийн том энэ гараг 79 дагуултай болсон байна.

"Одон орон судлаачид манай нарны аймгийн зах хэсгээр биет илрүүлэх судалгаа хийж байх үеэрээ уг 12 сарыг олж илрүүлсэн. Энэхүү судалгааны гол зорилгуудын нэг бол өнөөг хүртэл олдоогүй байгаа нууцлаг "Planet X" буюу "Planet Nine” гарагийг олох явдал байсан юм" гэж Шинжлэх ухааны Карнеги хүрээлэнгийн эрдэмтэн Скотт Шеппард мэдэгдлээ.

Энэ нээлтийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг мягмар гарагт Олон улсын одон орон судлалын холбооны “Minor Planet Electronic Circular” цахим хуудсанд нийтэлсэн байна.

“Эдгээр дагуулууд нь их жижигхэн байсан учраас өмнө нь харагддаггүй байсан. Хамгийн том нь гэхэд 3.2 км-ийн голчтой байна” гэж эрдэмтэд хэлэв.

“Эдгээр саруудын нэг нь сондгой байгаа юм. Энэ нь юу гэхээр уг дагуул Бархасбадь гарагийн бусад дагуулын эсрэг чиглэлд эргэдэг бөгөөд мөргөлдөх магадлал өндөртэй гэсэн үг юм. Үүний зэрэгцээ уг дагуул нь 960 метрийн голчтой, Бархасбадь гарагийн тойрог замд байгаа хамгийн жижиг дагуул юм. Хэрвээ мөргөлдвөл уг дагуул сүйрч, тоос болон хувирна” гэж Скотт Шеппард хэллээ.

Чили, Хавай, Аризонад байрлах дуран авайг ашиглан бүтэн жилийн хугацаанд уг судалгааг хийсэн байна.

Д.Нямтулга
Холбоотой мэдээ