“Хүүхдэд ээлтэй” хөтөлбөр Баянзүрх дүүрэг болон Хөвсгөл аймагт хэрэгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-07-20 19:53:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран “Хүүхдэд ээлтэй дүүрэг” хөтөлбөр хэрэгжсэний дүнд хүүхдүүд уурхайд ажиллаж байсныг зогсоожээ.
Хүүхдэд ээлтэй бодлого эрхзүйг дүүргийнхээ хэмжээнд бүрдүүлж, хөрөнгө оруулах, гэр бүл хүүхдийн оролцоог хангах зорилгоор хэрэгжсэн уг хөтөлбөрийн тайлангын хурал НҮБ-ын байранд болох үеэр Налайхад ядуу өрхийн хүүхдүүдийг уурхайн ам, цооногт ажиллуулдаг эсэх талаар тодруулахад дүүргийн Засаг даргын орлогч, Эдийн засаг, нийгмийн төсөл хөтөлбөр хариуцсан Х.Анхбаяр, “Нүүрсний уурхайд 5-10 жилийн өмнө 20-иод хүүхэд цооног дээр ажилладаг, ийм эрсдэл бүхий 100-гаад хүүхэд байсан. Одоо байхгүй, бид амны эзэдтэй гэрээ байгуулснаар хүүхдүүд ажиллахаа байсан, ажиллуулвал уурхайн амыг хаах хүртэл арга хэмжээ авч, хяналт тавин ажиллаж байна” гэв. Дүүргийн Боловсрол, хүүхэд залуучууд, жендер, ТББ хариуцсан мэргэжилтэн Д.Тунгалаг, “Хөдөө хүүхдүүд аргал түүдэг шиг манай Налайхад хүүхдүүд нүүрс түүж амьдардаг байсан. Одоо энэ байдал хумигдаж байгаа. Цооногт хүүхдүүдийг ажиллуулахгүйн тулд бид уурхайн эзэдтэй ярилцаж Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, Хүүхэд хамгаалах олон улсын конвенцийн талаар сургалт явуулж ойлгуулж, мөн Мониторингийн баг ажиллуулдаг болсноор энэ байдал арилсан. Одоо манайд хурдан морь унадаг уяач хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах талын асуудал хөндөгдөж байгаа” гэв.
Мониторингийн баг ОСГ-ны хороо бүрт ажиллаж ядуу өрхийн хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулан сургууль завсардалтын байдлыг хянаж хүүхдүүдийг боловсрол олгоход анхаарч ажилладаг аж. “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр одоо нийслэлийн Баянзүрх дүүрэг болон Хөвсгөл аймагт хэрэгжиж эхэлж байна.
Б.Болд
Холбоотой мэдээ