Гадаад улсын харьяат 9 ялтан Өршөөлийн хуульд хамарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-08 09:22:26

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, тус комиссын дарга Д.Ганбат,"Хуулийн гүйцэтгэлийн ажлын тайланг өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулна" гэж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын ээлжит хуралдааны үеэр мэдэгдэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэмжээнд энэ оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар ял эдэлж байсан нийт 6680 ялтнаас 3671 нь буюу 54.9 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-ээр 1343, 5 дугаар зүйлд зааснаар эдлээгүй үлдсэн ялаас 2 жил нь хасагдаж 693, 10 дугаар зүйлийн 10.4-д зааснаар нэмж нэгтгэсэн ялаас нь хассанаар 35 ялтан тус тус хамаарагдаж, нийт 2071 ялтан буюу 31 хувь нь суллагдаж, 1600 ялтан буюу 23.9 хувь нь ялаас нь хасагдаж, үргэлжлүүлэн ял эдлүүлэхээр тус тус шийдвэрлэгдсэн. Өршөөлийн хуульд хамаарагдан суллагдсан нийт 2071 ялтны 1951 буюу 94.2 хувь нь эрэгтэй, 108 буюу 5.2 хувь нь эмэгтэй, 12 буюу 0.6 хувь нь насанд хүрээгүй эрэгтэй хүүхэд. Мөн гадаад улсын харьяат 9 ялтан тус хуульд хамаарагдан суллагдсан" гэлээ.

Хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, комиссын нарийн бичгийн дарга Г.Туулхүү, Улсын ерөнхий прокурын газрын Хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын дарга Д.Наранбаатар, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн зэрэг комиссын бусад гишүүд товч мэдээлэл хийсэн юм.

Б.Туул

Холбоотой мэдээ