Ж.Эрдэнэзолбоо, Б.Ган-Эрдэнэ нар “Пушкаш академи”-д суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2018-07-24 15:44:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгарын алдарт хөлбөмбөгчин Ференц Пушкашийн нэрэмжит “Пушкаш академи”-д суралцах гурав дахь удаагийн сонгон шалгаруулалтад тэнцсэн Б.Ган-Эрдэнэ /Эрчим/, Ж.Эрдэнэзолбоо /ДМЮ/ нар Унгар улсын зүг хүлгийн жолоо заллаа.

Анх 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад айлчлан 1954 оны ДАШТ-ий мөнгөн медальт Унгартай, манай улс хөлбөмбөгийн чиглэлээр хамтран ажиллах үүд хаалга нээгдсэн юм. Үүний хүрээнд 2015 онд Г.Ганбаяр, О.Хантэнгэр, Б.Амгаланбат, Д.Тэмүлэн, А.Дөлгөөн, П.Ууганбат гэсэн залуу хөлбөмбөгчид “Пушкаш академи”-д суралцаж, Монгол хөлбөмбөгчид Европ тивд тоглох гүүр нээгдсэн билээ.
Өнгөрсөн жил А.Дөлгөөн, П.Ууганбат нар “Пушкаш академи”-ийн дасгалжуулагч нарын шалгуурт тэнцэн явж байсан бол энэ жил МХБХ-ны дасгалжуулагчдын зөвлөлийн шалгуурыг давсан Ж.Эрдэнэзолбоо, Б.Ган-Эрдэнэ нар тус академийг зорьж байна. Ж.Эрдэнэзолбоо Монгол Улсын 16-аас доош насны шигшээ багт хоёр удаа дуудагдан гараанаас тоглож байсан бол Б.Ган-Эрдэнэ нэг удаа өсвөрийн шигшээ багтаа тоглож байсан удаатай.

“Пушкаш академи”-ийн 17 хүртэлх насныхны багтай “Сузуки цом”-д оролцон “Байер Мюнхэн” клубын академийн хүчирхэг багийн хаалганд гоол оруулан, хүрэл медаль хүртсэн Г.Ганбаяр одоо ч суралцсаар байгаа. Г.Ганбаяр, А.Дөлгөөн, Б.Амгаланбат гэсэн “Пушкаши академи”-д суралцагчид Монгол Улсын залуучуудын шигшээ багт дуудагдан, тивийн чанартай тэмцээн оролцож байсныг манай хөлбөмбөг сонирхогчид андахгүй биз ээ.
Дашрамд дурдахад “Их Монгол” сангийн хамт олон “Пушкаш академи”-ийн хүүхдүүдэд 2015 оноос эхлэн ивээн тэтгэж, туслалцаа үзүүлж ирсэн юм.
Ж.Болор
Холбоотой мэдээ