Умард Солонгосын тамирчид Өмнөд Солонгост ирж бэлтгэл хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2018-07-25 11:35:29
СӨҮЛ. /Ёнхап/.  Удахгүй болох Азийн наадамд Умард Солонгос болон Өмнөд Солонгосын тамирчдын нэгдсэн баг оролцох гэж байгаа бөгөөд ирэх бямба гарагт Умард Солонгосын тамирчид Өмнөд Солонгост ирж хамтарсан бэлтгэлээ эхлүүлэх гэж байгаа тухай БНСУ-ын улс орноо нэгтгэх яамны төлөөлөгч мягмар гарагт мэдээлэв.

“Умард Солонгосын багийн 34 төлөөлөгч ирэх бямба гарагт Бээжингээр дамжин Өмнөд Солонгост хүрэлцэн ирнэ. Уг бүрэлдэхүүнд каноэ завины спортын 18 тамирчин, сэлүүрт завины төрлийн 8 тамирчин, эмэгтэй сагсан бөмбөгийн 3 тамирчин, нэг дасгалжуулагч, албаны 4 төлөөлөгч багтаж ирнэ” гэж улс орноо нэгтгэх яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Байк Тэ Хюн мэдэгджээ.

Ирэх наймдугаар сарын 18-ны өдрөөс есдүгээр сарын 2-ны хооронд Индонези улсын Жакарта болон Палембанг хотуудад болох Азийн наадамд хоёр Солонгос улс завины уралдаан, эмэгтэй сагсан бөмбөг болон сэлүүрт завины төрлүүдэд хамтарсан баг оролцуулахаар тохиролцсон билээ.

Э.Хулан
 
Холбоотой мэдээ