Зүүн Азийн улаан загалмайн хүүхэд залуус Монголд цугларав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2018-07-25 14:14:30
NandiaMontsame
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Зүүн Азийн Улаан загалмайн хүүхэд залуучуудын зуслан цугларалт энэ сарын 24-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь УЗН-ийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд боллоо. 

Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү цугларалтад БНСУ, БНХАУ, Япон, Монголын Хүүхэд залуучуудын Улаан загалмайн төлөөлөл болсон 100 орчим оролцогч хүрэлцэн ирж, Зүүн Азийн орнуудын үндэсний УЗН-үүдийн харилцаа холбоо улам бэхжиж буй нь харагдав.



Энэрэнгүй, шударга, төвийг сахисан, бие даасан, нэгдмэл, түгээмэл, сайн дурын гэх 7 үндсэн зарчимтай УЗН-ийн өнгөрөгч 2017 оны зуслан цугларалт “Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор болсон. Харин энэ удаа “Сургуулийн орчны цогц аюулгүй байдал” сэдвийн хүрээнд зохиогдож, Зүүн Азийн орнуудын төлөөлөл болсон хүүхэд залуус гамшиг ослын үед сургуулийн орчин болон өөрийн бэлэн байдлыг хэрхэн хангах, олж авсан мэдлэгээ хэрхэн бусадтай хуваалцах зэрэгт суралцах аж.

Зуслан цугларалтын нээлтэд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ОБЕГ-ын Гамшгийн эрсдлээс хамгаалах газрын дарга Д.Баасансүрэн, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Хи Сон Су, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Мацухаши, Хүүхдийг ивээх сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төлөөлөгчид түүнчлэн зуслан цугларалтад хамрагдаж буй хүүхдүүд оролцож урлагийн тоглолт үзэж сонирхов.



МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Саяхан манай улс Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг амжилттай зохион байгуулсан. Уг хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх анхны алхам болгож МУЗН өнөөдрийн зуслан цугларалтыг зохион байгуулж байна. Гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааны нэг том хэсэг нь сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах юм. Энд хуран цугласан залуучууд маань сэдвийн хүрээнд туршлага солилцож, цаашид Зүүн Азийн бүс нутагт хамтран зохион байгуулах ажлаа төлөвлөж байна. МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн сургуулиуд дээр тусч хамтлаг, нөхөрлөл, бүлгүүдийг байгуулж ажилладаг. Цаашид сургуулийг түшиглэсэн хүүхэд залуучуудын улаан загалмайн хөдөлгөөнийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч байна. Сургуулийн аюулгүй байдлыг хангахыг тулд эхлээд сурагчдаа мэдлэгтэй болгох хэрэгтэй” хэмээн онцлов.



МУЗН Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Хүүхэд залуучуудын хөгжлийн төв байгуулж 2016 онд ашиглалтад оруулсан. Уг төв 100 хүн хүлээн авах гэр, байшин, зоогийн газар, спорт талбай, ёслолын талбай, хүнсний ногоо тариалах хүлэмж, халуун хүйтэн ус бүхий ариун цэврийн байгууламж, гамшиг ослын үед ашиглах агууламж зэргээс бүрдэх бөгөөд усан оргилуур, цэцгийн мандал зэргээр төвийнхөө ойр орчим, гаднах талбайг тохижуулж гадаад, дотоодын зочдын ая тухтай байдлыг бүрэн хангажээ.



Нийслэлийн 45-р сургуулийн сурагч, МУЗН-ийн гишүүн Э.Тэлэнгэт “Би гэртээ нэг герман, хоёр хятад хүүхэдтэй байрлаж байгаа. Гадаад хүүхдүүд их тусч, өгөөмөр санагдсан. Олон орны хүүхдүүдээс тэдний сургуулийн аюулгүй байдлын талаар туршлага судалж, өөрийн сургууль дээр хэрэгжүүлэхээр энэ сургалтад хамрагдаж байна. Нийслэлийн замын цагдаагийн газар Улаанбаатар хотын сургуулиудын ойр орчмын замыг аюулгүй болгоосой гэж хүсч байна. Жишээ нь манай сургуулийн хажуугийн зам явган хүний гарц, гэрлэн дохиогүй учир зам хөндлөн гарахад хүндрэлтэй байдаг” хэмээн ярив.

Японы УЗН-ийн хүүхэд залуучуудын хөдөлгөөн хариуцсан ажилтан Мусуби Яата “Би Японы УЗН-д ажиллаад 6 жил болж байна. Японы нийт сурагчдын гуравны нэг нь УЗН-ийн гишүүн. Бид гамшиг ослын үед хүмүүст сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх ажлыг голчлон зохион байгуулдаг. Монголын ногоон байгаль надад их таалагдаж байна” гэлээ.


БНСУ-ын УЗН-ийн гишүүн Челса Ру “Би 16 настай. Солонгосын УЗН-ийн гишүүн болоод нэг жил болж байна. Бид аюулгүй байдлаа хангахыг тулд жил бүр сургууль дээрээ анхны тусламжийн дэлгэрэнгүй сургалт зохион байгуулдаг. Түүнээс гадна зүрхний массаж хэрхэн хийх, зүрхний аппарат хэрхэн ашиглах зэргээр тэмцээн уралдаан зохион байгуулж, хүүхдүүдийн мэдлэгийг нэмэгдүүлдэг. Монголын цэвэр агаар, хөх тэнгэр, ногоон тал надад амар амгаланг мэдрүүлж байна” хэмээв.

БНХАУ-ын УЗН-ийн гишүүн Гоа Хоочин “Би 17 настай. Энэ зусланд хүрэлцэн ирээд маш аз жаргалтай байна. Монгол, Солонгос, Япон улсын олон найзтай боллоо. Хятадын УЗН-ийн залуучуудын хөдөлгөөн 10 гаруй мужид хүмүүнлэгийн боловсрол, залуучуудын оролцоотой зан авирыг өөрчлөх гэсэн үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү хөтөлбөрт зөвхөн хүүхэд залуучууд гэлтгүй эцэг эхчүүд ч оролцдогоороо онцлогтой” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.


Дашрамд дурдахад саяхан Монгол орны ихэнх нутгаар орсон ширүүн борооны улмаас үерт автсан айл өрхүүдэд МУЗН тусламж үзүүлэхээр болжээ. Сэлэнгэ, Баян-Өлгий, Өвөрхангай, Ховд зэрэг хэд, хэдэн аймагт үерт автсан 1500 гаруй айл өрх байгаа аж. Тиймээс байгалийн гамшигт нэрвэгдсэн айл өрхийн 60 хувьд тусламж үзүүлэх УЗН-ийн дүрмийн дагуу 900 орчим айл өрхөд бэлэн мөнгө, бараа бүтээгдэхүүний тусламж үзүүлэхээр төлөвлөж буйгаас 400 гаруй өрхөд туслах төсөв батлагдсаныг МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа онцлов. Энэ хүрээнд нэг өрхөд 240 мянган төгрөг мөн тийм өртөг бүхий гэр ахуйн бараа хандивлах юм байна.       

     
                                            Л.Нандинцэцэг
Гэрэл зургийг Н.Батбаяр    
Холбоотой мэдээ