Экспортын зориулалтаар хадлан бэлтгэхгүй байх шийдвэр гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-08-06 14:14:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас аймаг нийслэлийн ХХАА-н газар, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн албан хаагч, мэргэжилтний зөвлөлгөөнийг дөрвөн бүсэд 21 аймаг, нийслэлийг хамруулан зохион байгуулж байна.
Аймаг, нийслэлийн ХХАА-н газар, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн албан хаагчид, мэргэжилтнүүдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах зорилготой "ХХААХҮ-ийн салбарын бүсийн зөвлөлгөөн" наймдугаар сарын 2-3-нд зүүн бүс Сүхбаатар аймагт эхэллээ. Зөвлөлгөөний үеэр ХХААХҮ-ийн салбарын зорилт, хэрэгжиж буй бодлогын бичиг баримтын хэрэгжилт, аймгуудын санаачлан хэрэгжүүлж буй ажил-арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэж, мал угаалгын зөөврийн тоног төхөөрөмжийн үзүүлэх сургалт болж байна.
Зүүн бүсийн зөвлөлгөөний үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбарт явуулж байгаа бодлого, шийдвэр, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж ХАА-н салбар өвөлжилтийн бэлтгэлээ хангахын тулд  өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүрэг өглөө. Яамны хувьд долдугаар сарын 30-наас эхлэн бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн. Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өвөлжилтийн бэлтгэлээ хангах, орон нутгийн түвшинд үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг салбарын сайд онцлон хэллээ.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан “ХАА-н салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолтой холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг нийслэлийн ХХАА-н газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, малчид, мал бүхий иргэдэд хандсан зөвлөмжийг мөн гаргасан. Үүнийг удирдлага болгосон тодорхой ажлууд орон нутагт эхэлсний нэг нь, Сүхбаатар аймгийн Засаг дарга аймгийн ХХАА-н мэргэжилтнүүд болон сум багийн Засаг дарга, малчид иргэдтэйгээ ХАА-н зөвлөлгөөн хийж өвөлжилт хүндэрвэл бэлтгэл ажлаа хэрхэн хангах тухай хэлэлцүүлэг өрнүүлж, ажлын төлөвлөгөө гаргажээ. Тус аймгийн хувьд хэдийгээр зуншлага оройтсон ч өвсний гарц харьцангуй сайжирч, улсын болон аймаг орон нутгийн өвс тэжээлийн нөөцөө хангалттай бэлтгэх үүднээс экспортын зориулалтаар хадлан бэлтгүүлэхгүй байх шийдвэр гарган ажиллаж байна. Мөн Хэнтий аймгийн хувьд ХХААХҮ-ийн сайдын зөвлөмжийн дагуу сум бүртээ 100 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэх албан даалгаврыг аймгийнхаа Засаг даргын захирамж болгож эртнээс бэлтгэхээр зохион байгуулалтад оржээ.
Тодруулга: ХХАА-н салбарын бүсчилсэн зөвлөлгөөний Төвийн бүсийнх энэ наймдугаар сарын 9-10-нд Өвөрхангай аймагт, Хангайн бүсийнх наймдугаар сарын 16,17-нд Өмнөговь, Баруун бүсийн зөвлөлгөөн наймдугаар сарын 23-24-нд Увс аймагт тус тус болох юм.
Б.Болд
 
 
 
Холбоотой мэдээ