Эхийн сүүний ач холбогдлыг залуу эхчүүдэд таниулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-07 15:10:00
Говь-Алтай /МОНЦАМЭ/ 1992 оноос жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт эхийн сүүгээр хооллох бодлогыг дэмжин дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Үүнтэй холбоотойгоор Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас энэ удаа “Эхийн сүү-амьдралын үндэс” уриан дор тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг хэвтэн эмчлүүлж буй эхчүүдэд эрт амлуулалт, эхийн сүүгээр хооллолтын зөвлөмж болгож ажлын байран дээрх сургалт, дадлуудыг өгч байгаа бол сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд өсвөр насны охидод “Хөхөө хэрхэн бэлдэх вэ?”, “Ангир уургийн ач холбогдол”, “Хүүхдээ эхийн сүүгээр хооллохын ач холбогдол”, жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл эхчүүдэд: “Эхийн сүүгээр хооллолтын зөвлөмж болгож буй дадлууд” сэдвээр сургалт зохион байгуулж байгаа ажээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн газар нь Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран жирэмсэн болон хөхүүл ээжүүдийн үйл ажиллагаанд чиглэсэн дэмжих бүлгийн уулзалт зохион байгуулж байна. Үүний зэрэгцээ эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Нялх балчир хүүхдийн хүнсний тухай” хуулийг сурталчлах, хэрэгжилтийг хангах чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөөд буйгаа тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ