ААН, байгууллагууд өөрсдийн түвшинд тохирсон стандарт сонгох боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-08-08 12:39:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухайд хуульд бизнесийн орчинг дэмжин сайжруулах заалтуудыг нарийвчлан тусгаж өгсөн талаар Стандарт, хэмжил зүйн газраас мэдээлж байна.
Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийн мэдэгдэж байгаагаар энэ хууль нэгд, бизнесийн орчинг дэмжсэн, стандартыг ААН, байгууллагын өөрийн техник, технологийн түвшинд боловсруулах чадавхиас хамаарч чөлөөтэй сонгох боломжийг нээж өгчээ. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээлд өрсөлдөж буй ААН-үүд олон улсын хэмжээний түвшний стандартыг өөрсдөө нутагшуулаад, тэрүүгээрээ үнэлгээ хийж олон улсын зах зээлд гарах боломжийг олгож байгаа аж. ЖДҮ өөрийнхөө тохирсон стандартыг нэвтрүүлэх гэх мэт жишээгээр явна. Өмнө нь зөвхөн нэг стандартыг баримталдаг байсан учир ерөнхий стандарт нь зах зээлд гарч байгаа нэгэнд нь жижигдэж байхад нөгөөд нь томдож техникийн саад (барьер) үүсдэг байсан байдлыг халж байна. Хоёрт, шинэ хуульд итгэмжлэлийн тогтолцооны хараат бус байдлыг хөндөж байгаагаараа чухал юм гэдгийг Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр онцолж байна. Итгэмжлэл гэдэг нь тохирлын үнэлгээний байгууллага, лаборатори зэрэг бүх юмыг үнэлдэг аудитын байгууллагын ажил. Үүнийг олон улсын жишгээр тусад нь гаргаж хараат бус байдлыг бий болгох нь үнэлгээний чадавхийг сайжруулах явдал юм. Үүнийг хуульд тусгаж өгчээ.
Эцэст нь зах зээлийн өрсөлдөөнийг бий болгохын тулд хил, гаалиар бараа, бүтээгдэхүүн оруулж ирэх, нэвтрүүлэхэд олон удаа хянаж шалгадаг, баталгаажуулах нэрээр дээж авах зэргээр гадаад худалдаа эрхэлдэг ААН-үүдэд учирдаг чирэгдэл бүхий үйл ажиллагааг хуулиар зогсоож байна. Өөрөөр хэлбэл, компани, ААН-үүд өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг үнэлүүлээд олон улсын түвшнийх бол тэр талын гэрчилгээгээ аваад явдаг, тэр нь улмаар мэдээллийн санд орж түүгээр бараа бүтээгдэхүүнээ хил, гаалиар чөлөөтэй нэвтрүүлэх юм. Үнэлгээний талаар хөрш улс орнууд болон олон улсын байгууллагуудтай үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрдөг механизм бүрдэж байгааг тодотгож байна. Жишээ нь, хөрш БНХАУ, ОХУ-ын хувьд гэхэд хоорондоо хил, гаалиар нэвтрэх бараа, бүтээгдэхүүнээ харилцан хүлээн зөвшөөрсөн байх юм. Энэ мэт өөрчлөлтүүдийг тусгаж өгснөөр Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухайд хуулийн ач холбогдол оршиж байгаа аж.
Б.Болд
Холбоотой мэдээ