“Тал нутгийн марафон” гүйлтийн тэмцээнд 1200 тамирчин оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunzaya@montsame.mn
2018-08-10 13:31:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/Монголын хөнгөн атлетикийн холбооноос 22 дахь удаагаа санаачлан зохион байгуулах гэж буй “Тал нутгийн марафон” олон улсын гүйлтийн уралдаанд энэ жил дотоодын 1000 гаруй, гадаадын 200 орчим тамирчин оролцохоор болжээ.

Уламжлал ёсоор тамирчид 3, 5, 10, 21 километрийн зайд өрсөлдөх бөгөөд уралдааныг Богдхан уулын Шавартын аманд наймдугаар сарын 19-ны өдөр зохион байгуулах юм байна.

“Тогтсон зай, засмал замд цагтай уралдаж, зөвхөн ялагч байх, спортын амжилтын төлөө гүйхээс илүү өөрийнхөө ялагч нь байж, замаа дуусгах нь тус тэмцээний зорилго” хэмээн Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар хэлэв.

Уралдаан нийт 2 сая  960 мянган төгрөгийн шагналын сантай бөгөөд Франц  улсын иргэн Карол Фүкс, Япон улсын тамирчин Ёшино Цүёши зэрэг алдартай тамирчид оролцох төдийгүй Япон улсаас 100 гаруй, Тайланд, Малайз, Хятад, Непал зэрэг орноос 50 гаруй,  Европ, Америк тивээс 50 гаруй тамирчин оролцохоор болсон талаар зохион байгуулагчид мэдэгдлээ. 

“Энэ жилийн гүйлтийн тэмцээний онцлог нь анх удаагаа “Ултра Трайл” төрлийн уул ус, тал, нуруу, хот сууринг дамжин гүйх гүйлтийн төрлийн оруулж ирснээрээ онцлогтой юм. Тус төрөл нь Богдхан уулын Шавартын амнаас эхлэн Төр хурах, Цэцээ гүн, Манзушир, Зүүн ширээт, “Дугуй цаа”- наас Зайсан толгой хүртэл нийт 50 километрийн зайд болох юм.  Энэ төрөлд түрүүлсэн Монгол Улсын тамирчинд олон улсын “Ултра трайл” тэмцээнд оролцох эрхийн бичгийг гардуулах бөгөөд бүх зардлыг нь хариуцахаар болсон” гэж  тэмцээнийг хамтран зохион байгуулагч “Шёова Холдингс” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрын захирал Э. Тамир онцоллоо.

Дашрамд дурдахад, уралдаанд  “msut.run” цахим хаяг болон Спортын төв ордон, Монголын үндэсний олимпын хороонд дээр биечлэн очиж наймдугаар сарын 18-ныг хүртэл бүртгүүлэх боломжтой юм байна.
      
    У.Түвшинбаяр
        
Холбоотой мэдээ