Ард түмний нийтийн санал асуулга зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-08-21 14:04:43
Улаанбаатар/МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордонд хэвлэлийн бага хурал  хийлээ.
Уг хэвлэлийн бага хурлаар “Цаг боллоо-Системийн шинэчлэл” хэлэлцүүлгийн талаар  мэдээлэл өгсөн юм.

Тэрээр ярихдаа, “Тодорхой саналыг  улс төрийн хүрээнийхэн болоод олон нийтэд тавихаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зарласан юм.  Засаглалын хямрал болон системийн хямралаас гарахын тулд бид ард нийтийн санал асуулгыг санаачлахаас өөр арга байхгүй.  1996 оны Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах тухай хуульд заасны дагуу УИХ-ын гишүүд ард нийтийн санал асуулга зохион байгуулах эрхтэй. Системийн шинэчлэл хийхэд санал нэгдэж буй гишүүд цөөнгүй байгаа. Ард нийтийн санал асуулгаар гурван асуултыг асууя гэж би санал дэвшүүлээд байна.  Нэгдүгээрт шинэ үндсэн хуультай болъё. Иргэд шинэ үндсэн хуультай болох саналыг дэмжвэл Монгол Улс засаглалын ямар хэлбэрээр цааш авч явах тухай асууя. Үүний дараа сум, баг болгоноос төлөөлөлтэй Ардын их хурлыг байгуулан шинэ үндсэн хуулиа баталж системийн өөрчлөлтөө хуулийн дагуу тайван замаар бий болгоё хэмээн уриалж байна” гэв.

Баасан гарагт буюу наймдугаар сарын 24-ний өдөр “Цаг боллоо-Системийн шинэчлэл” хэлэлцүүлгийг Төрийн Ордонд зохион байгуулна хэмээн тэрээр мэдэгдсэн юм.
Холбоотой мэдээ