Аргентин дахь Оросын ЭСЯ-ны байрнаас илрүүлсэн 389 кг хар тамхийг шатаан устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-22 17:17:20
МОСКВА./РИА Новости/. Аргентин улсад суугаа ОХУ-ын элчин сайд Дмитрий Феоктистов Орос болон Аргентины тусгай албадын тусгай ажиллагааны явцад илрүүлсэн кокаиныг шатаан устгахад оролцлоо.

Орос болон Аргентины тусгай албадын хамтарсан ажиллагааны явцад Москва руу илгээх гэж байсан 389 кг кокаиныг илрүүлсэн бөгөөд хэд хэдэн хүнийг баривчилсны дотор Аргентины цагдаагийн ажилтан болон Оросын иргэн нэг хүн байна.

Хар тамхиар дүүргэсэн чемодануудыг Оросын ЭСЯ-ны байрнаас илрүүлсэн бөгөөд Оросын дипломатчид хар тамхины талаар Аргентины цагдаагийн газарт мэдээлжээ.

Кокаиныг шатааж устгах ажиллагаанд Аргентины Аюулгүй байдлын сайд Патрисия Буллрич, Цагдаагийн газрын дарга Херардо Отеро болон тус улсын хууль сахиулах байгууллагуудын төлөөлөгчид оролцсон байна.

Орос улсын Элчин сайд Д.Феоктистов хэлэхдээ, хар тамхийг хууль бусаар үйлдвэрлэж, худалдаалах явдалтай тэмцэх тал дээр хоёр талын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ