Халуун хумхаа өвчин дэгдээд байна

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2018-08-24 17:31:57
КОЛОМБО. /Синьхуа/. Энэ оны эхний долоон сарын хугацаанд Шри Ланка улсад халуун хумхаа өвчний улмаас 41 хүн амиа алдсаны зэрэгцээ 36 мянга гаруй хүн энэ өвчнөөр шаналж байна гэж тус улсын өвчний тархалтыг судлах байгууллагаас баасан гарагт мэдээлэв.

Наймдугаар сар гарсаар улс даяар 1075 өвчтөн бүртгэгдээд байгаа бол өнгөрсөн сард энэ өвчний 6221 тохиолдол бүртгэгдсэн байна.

Судлаачдын мэдээлснээр, энэ онд нийслэл Коломбо хотод хумхаагийн хамгийн олон буюу 6937 тохиолдол бүртгэгдээд байгаа бол үүний дараа зүүн нутгийн Баттикалоа дүүрэгт 4156 хүнд энэ өвчин халдварлажээ.

“Манай улс даяар борооны улирал үргэлжилж байгаа нь халуун хумхаа өвчний тархалт нэмэгдэхэд ихээхэн нөлөөлж байна” гэж тус улсын халуун хумхаа өвчний тархалтыг хянах үндэсний байгууллагаас өнгөрсөн долдугаар сард ард иргэдэд анхааруулсан байна.

Өндөр халуурах, гэнэт бөөлжих, гэдэс өвдөх, толгой эргэх хийгээд шээс багасах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг иргэдэд уриалжээ.

Өнгөрсөн он Шри Ланка улсын хувьд халуун хумхаа өвчин хамгийн их тархсан жил байсан бөгөөд уг өвчнөөр 300 гаруй хүн амиа алдаж, 136 мянга гаруй хүн халдвар авсан байна.

Э.Хулан
 
Холбоотой мэдээ