Олон улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын стратеги боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-09 14:35:31

Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа (КАРЕК)-ны Замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэргэжилтнүүд энэ сарын 07-09-нд Монгол Улсад ажиллаж, ЗТЯ, ЭМСЯ, Нийслэлийн тээврийн газар, ЗЦГ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй хамтарсан уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд ЗТЯ-наас замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, зам тээврийн осолд өртөгсөдийн статистик мэдээлэл, түргэн тусламж болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй төрийн бодлого, стратегийг танилцууллаа.

Мөн ЭМСЯ-наас ослын өмнөх болон дараах үйлчилгээний талаарх бодлого, хэрэгжилтийг танилцуулсан бол төрийн бус байгууллагуудын төлөөлөл ачаа болон хүн тээвэрлэлтийн өнөөгийн байдал, удирдлага, хяналтын төхөөрөмжүүдийн ашиглалт, хангамжын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэв.

КАРЕК-ийн төлөөлөгч тус гишүүн орнуудын тээврийн коридорын аюулгүй байдлыг хангах үүднээс Олон улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын стратегийг боловсруулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэв. Уг стратегид стандартын шаардлага хангасан автозам барих, ослын дараах тусламж үйлчилгээний асуудлыг тусгахаар ажиллаж байгаа гэлээ.

Түүнчлэн дээрх стратегид Монгол Улс өөрсдийн санал, дүгнэлтээ оруулах боломжтой гэдгийг онцлон тэмдэглэв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ