“Coal Mongolia-2018” чуулганаар коксжих нүүрсний үнэ, өрсөлдөөнийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2018-08-29 17:31:26
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2018” чуулга уулзалт, үзэсгэлэн ирэх сарын 4, 5-нд болох юм байна. 

Найм дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй уг чуулганд 15 орны 600 орчим зочин ирэхээр бүртгүүлжээ. Мөн 62 компани үзэсгэлэн гаргахаар захиалга өгсөн аж.

“Өнгөрсөн жилээс эхлээд бид БНХАУ-ын нүүрсний зах зээлийн судалгааны “Fenwei Energy Information Services”  компанитай хамтран зохион байгуулах болсон. Хятадын нэр хүнд бүхий тус компанитай хамтарснаар Монголоос нүүрс худалдан авах сонирхолтой Хятадын тээвэр ложистик, худалдааны компаниуд болон хөрөнгө оруулагчдын тоо эрс нэмэгдэж байна хэмээн ерөнхий зохион байгуулагч “Гложекс Консалтинг” компанийн захирал Л.Наранбаатар хэллээ.

Энэ жилийн чуулганыг “Технологийн дэвшилд хамтдаа”  уриан дор явуулах бөгөөд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, экспортын  нэвтрүүлэх чадварыг сайжруулах зэрэг зорилтыг тавьж байгаа нь энэ жилийн форумын онцлог юм байна.

Чуулганаар 6 сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд "Фэнвэй Энержи информэйшн сервисез" компанийн Дэд ерөнхийлөгч Сара Лиу “Хятадын коксжих нүүрсний зах зээл, эрэлт, нийлүүлэлт, үнэ, өрсөлдөөн”,Ази-Номхон далайн уул уурхай, металлын суурь шинжилгээний төв болох "Вүүд Маккензи групп"-ийн ахлах шинжээч Пралаб Бхаргавагийн "Шилжилтийг чиглүүлэх нь", "S&P Global Platts" компанийн Азийн бүс хариуцсан захирал Жьюлиэн Халлын "Хятадын коксжих нүүрсний импортын чиг хандлага" сэдвээр  илтгэл тавих аж.

Б.Заяа
Холбоотой мэдээ