Тужийн нарсыг ажиглах цамхаг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-09-04 23:00:32
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдөр Тужийн нарсны тусгай хамгаалалтын ойд хүний гараар бүтсэн нарсан ойг харж байгаль экологитой танилцахад зориулагдсан шинэхэн цамхаг ашиглалтад орж нээлтээ хийлээ.
Нээлтэнд аймаг орон нутгийн удирдлагууд, БОЯ-ны төлөөлөл, БНСУ-ын хөрөнгө оруулагчид, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулийн захиралууд, сурагчдын төлөөлөл оролцлоо.

Тужийн нарс бол Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар, Шаамар сумдын нутгийг дамнан оршдог экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах ач холбогдолтой байгалийн өвөрмөц тогтоц бүхий түүхэн дурсгалт газар юм. Энэхүү тужийн нарсанд 1986-2002 онуудад 7 удаагийн их хэмжээний түймэр гарахын зэрэгцээ иргэдийн эмх замбараагүй ашиглалтын нөлөөгөөр 70 орчим хувь нь устсан гашуун түүх байдаг.

2001 оноос эхлэн Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтыг Тужийн нарсыг нөхөн сэргээх үйл ажиллагаанд төвлөрүүлж ажилласнаар 10088.65 га ой нөхөн сэргээд байгаа аж. Мөн 2003 оноос БНСУ-ын “Юүхан Кимберли” компани, Зүүн Хойд Азийн Ойн форум хамтран ойг нөхөн сэргээх ажлыг эхлүүлж 3250 га талбайг нөхөн сэргээсэн нь нийт талбайн 32.3 хувийг эзэлж байгаа аж. Энэ удаа “Юүхан Кимберли” компани 10 м өндөр, 6 м урт, таван м өргөн, нийт 144м2 талбайтай цамхагийг байгуулаад байна. Энэхүү цамхаг нь хүүхэд багачуудад таримал ой, түүний арчилгааг таниулах, экологийн боловсрол олгох, цаашлаад жуулчдын очих дуртай газар болгоход ач холбогдолоо өгнө хэмээн тус компанийн захирал хэллээ.
-Тужийн нарсны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын дарга Д.Бямбаа:Тужийн нарсан ойг нөхөн сэргээх ажил албан ёсоор 2001 оноос эхэлсэн. 2002 онд Монгол Улсын засгийн газрын 51 дүгээр тогтоол гарсан. Энэхүү тогтоолын хүрээнд гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг тужийн нарсыг хамгаалахад хандуулж эхэлсэн байдаг. Ингээд 2003 оноос тусгай хамгаалалтад авснаас хойш 10 гаруй мянган га-д  ойжуулалт хийгээд байгаа. Үүний 3250 га-д Солонгосын хөрөнгө оруулалтаар ойжуулалт хийсэн юм. Энэхүү цамхаг барьсан талбайг 2003 онд БНСУ-ын хөрөнгө оруулалтаар анх ойжуулж эхэлсэн байгаа. Энэ талбай бол 100 га юм. Ингээд ойжуулсан талбайгаа ашиглаад хүүхдүүдийн экологийн боловсролд зориулан энэхүү эко цамхагийг барьж ашиглалтад өгөөд байна.
-Анх тужийн нарсны 70 хувь нь устсан гэсэн мэдээ байдаг. Одоо хичнээн хувь нь нөхөн сэргээгдээд байна?
-Анх 70 хувь нь устсан байсан гэж үзэхэд өнөөдөр 100 хувь сэргэсэн гэж би үзэж байна. Тарьсан мод болгон ургасан. Захаараа үрлэх боломжгүй талбайд зориулалтын аргаар ойжуулалт хийсэн. Тужийн нарсанд нийтдээ 21 мянган га-д ойжуулалт хийгээд байгаа. Байгаль өөрөө 6 мянган га талбайг нөхөн сэргээсэн. Энэ нь дандаа ойн гүндээ байгаа. Ерөнхийдөө тужийн нарс 100 хувь нөхөн сэргэсэн байгаа.  
 -БОГ-ын ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа:Сэлэнгэ аймагт оршдог Тужийн нарсны тусгай хамгаалалтын захиргааны ойн сангийн талбайд эко цамхаг байгуулсанд бид их баяртай байна. Энэ цамхаг бол байгаль орчиндоо төдийгүй хүүхэд залуучуудын танин мэдэхүйн үйл ажиллагаанд маш их ач холбогдолтой юм. Мөн цаашлаад энэ цамхаг дээрээс бид ойн хээрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, ажиглан тандах судалгаа хийхэд маш их өндөр үр дүнтэй ажил болж байгаа. Дашрамд хэлэхэд Сэлэнгэ аймагт хүний гараар бүтсэн таримал ой 15 мянга гаруй га байдаг. Үүний гуравны нэг буюу хэсэгхэн талбайд ирээд байна. Энэ талбай Солонгос улсын хөрөнгө оруулалтаар хийгдсэн гэдгээрээ онцлогтой. Энэ таримал ойд жил бүр арчилгаа хийх зайлшгүй шаардлагатай байдаг. Та нар харж байгаа бол модны хоорондын зай маш ойрхон байна. Цаашдаа энд арчилгаа хийж ойргох чанар, бүтээмжийг сайжруулах ажил хийгдэхээр төлөвлөөд байгаа.
Цамхагийн нээлтийн үеэр тус компаниас Сэлэнгэ аймгийн харъяат Дархан-Уул аймгийн ХААИС-ийн байгаль экологийн чиглэлээр суралцаж байгаа хоёр оюутанд батламж, сургалтын тэтгэлгийг олгосноо гардуулан өглөө.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ