Хамгийн идэвхтэй хэмээн үзэж сумдын удирдлагуудыг сонгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-09-04 23:02:19
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас сумдын иргэдийг чадавхжуулах, хүүхэд хамгааллын асуудалд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой сургалтыг Сүхбаатар суманд зохион байгууллаа.
Уг сургалт нь хүүхдийг нийгмийн бүхий л хүрээнд бүх хэлбэрийн хүчирхийллээс ангид байлгахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэж буйгаараа онцлогтой юм.
Энэ удаагийн сургалтанд иргэд, олон нийт дундаас хамгийн идэвхтэй нь хэмээн үзэж сумдын удирдлагуудыг сонгон оролцуулсан байна. Тэдний эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хандлагыг өөрчлөх чиглэлүүдээр энэ удаа мэдлэг олгожээ.
Ингэж бүгдийг нь биш, хэсэг хэсгээр нь хандлагыг нь өөрчилж, хүүхэд хамгааллын асуудалд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь хамгийн зөв арга аж. Энэхүү сургалт нь иргэд олон нийтийг цаашид хүүхэд хамгаалалд оролцуулахад түлхэц өгсөн сургалт боллоо хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа юм.
Сургалтыг “Монгол өрх” сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, гэр бүлийн сэтгэл судлаач, доктор С.Баасанбат удирдан явуулжээ.
Энэхүү “Хүүхэд хамгаалалд хамтдаа–2” сургалтыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороотой хамтран явуулсан бөгөөд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын “Сэлэнгэ” нутгийн хөтөлбөр санхүүжүүлсэн аж. Сургалтыг аймгийн Засаг даргын А/307 дугаар захирамжийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд Хүдэр, Ерөө, Орхон, Жавхлант, Шаамар, Сант сумд, Дулаанхаан, Бугант тосгодын удирдлагууд болох нийт 43 иргэнийг оролцуулсан байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ