Малаа угаалгад хамруулж, хэвтэр бууцыг нь ариутгахыг малчдад уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-09-05 17:22:45
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас улс орон даяар явагдаж буй шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой малын угаалгын ажилд идэвх, санаачилгатай оролцож, малаа бүрэн хамруулахыг малчдад уриаллаа.
Энэхүү ажилд малчид хамрагдахын тулд нэгдүгээрт сум, багийнхаа засаг захиргаанд өөрөө хандах эсвэл орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн тогтоосон хугацаанд малаа бэлэн байлгаж, мал угаах үед малын эмчийн зааварчилгаа, зөвлөмжийг даган, технологийн дагуу бүх малаа угаалгад хамруулах юм байна. Мал эмнэлгийн практикт малыг шүрших, ваннадаж буюу шумбуулан угаах гэсэн хоёр аргыг хэрэглэдэг. Шимэгчлэгч нь малын нимгэн арьстай, дулаан, чийг сайн хадгалагддаг хэсэгт буюу мал, амьтны нүдний ухархай, чихний уг, суга, цавь, хэвлий, хонго, сагагт байдаг. Тиймээс шүршиж угаах нь шимэгчтэх өвчнөөс сэргийлэх найдвартай аргад тооцогддоггүй. Зориулалтын зөөврийн төхөөрөмж нь малчны хотонд шууд хүрч үйлчлэн, шумбуулан угааснаар гадна шимэгчид 90-100 хувь устдаг гэж үздэг. Харин малыг угаах уусмалын найрлага, цаг хугацааны тохироо, мэргэжлийн эмчийн зааварчилгаа чухал гэдгийг анхаарах нь зүйтэй юм.
“Малаа жилд нэг удаа, халдварт болон халдварт бус өвчний үед жилд хоёр удаа зайлшгүй угаалгаснаар  шимэгчтэх өвчнөөс эрүүлжин, тарга тэвээргээ бүрэн авах нөхцөл бүрдэх, арьсны гэмтэл багасч, арьс шир, ноос ноолуурын чанар, гарц дээшилж, түүхий эдийн үнэ цэнэ өсөх, махны гарц 15 хувиар нэмэгдэх ач холбогдолтой юм. Түүнчлэн эдгээрийн үр дүнд малчдын орлого 30 хувиар өсөж, амьдрал сайжирна” хэмээн холбогдох албанаас танилцуулж, малаа эрүүл байлгах нь мал, амьтан өмчлөгч таны нэн тэргүүний үүрэг гэдгийг сануулж байна.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ