Монгол улс боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмснээр ашиг олох боломжтой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2018-09-06 17:50:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Ази тивийн улс орнуудын төр, иргэний нийгмийн төлөөлөгчид “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарч буй ололт амжилт, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэхээр энэ сарын 5,6-нд Улаанбаатар хотноо хуран чуулж байна.
“Хүмүүнийг чадавхижуулах, хүртээмжтэй, тэгш байдлыг хангах нь” сэдэвт чуулга уулзалтыг УИХ, Монгол улсын Засгийн газар, НҮБ, Ази номхон далайн эдийн засаг нийгмийн комисс /АНДЭЗНК/, Монгол дахь НҮБ-ын суурин зохицуулагчийн газар хамтран зохион байгуулж байгаа юм.
Энэ удаагийн чуулга уулзалтаар боловсролын чанар, зохистой хөдөлмөр, эдийн засгийн өсөлт, тэгш бус байдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, Энх тайван шударга ёсыг тогтоох болон хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зорилтуудын талаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн дэд хорооны дарга А.Ундраа  уулзалтын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Зүүн хойд Азийн олон талт форумын үйл ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 2019 оны НҮБ-ын улс төрийн өндөр түвшний уулзалтад Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилго, хэрэгжилтийн талаарх Үндэсний сайн дурын тайлангаа анх удаа тавина. Улс орнуудын илтгэлүүдээс харахад нөхцөл байдал нь харилцан адилгүй байна. Өндөр хөгжилтэй улс болох Японы хувьд аль хэдийн зорилтууд нь хангагдсан гэж болохуйц. Гэхдээ зарим зорилтууд нь манай улсаас хоцорч байна. Тухайлбал, жендерийн тэгш бус байдал, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт , шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг асуудлын  хувьд Монгол улс илүү ахицтай байгаа юм.  Манай улс тогтвортой хөгжлийн зорилтоо хуульчлан баталж, Үндэсний хөгжлийн газрыг бий болгосон. Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрийг гурван талт тулгуур бодлого хэмээн баталсан нь сайн эхлэл хэмээн харж байгаа” гэлээ. 
НҮБ-ын Зүүн ба Зүүн хойд Азийн асуудал хариуцсан газрын даргын түр орлон гүйцэтгэгч Сангмин Нам хэлэхдээ “Монгол улс зорилтдоо эдийн засгийн салбаруудаа хөгжүүлэх, ялангуяа экспортын бүтээгдэхүүнээ нэмэгдүүлнэ гэж онцолсон. Танай орны хувьд аж үйлдвэрийн экспорт одоо 17 хувьтай байгаа бол 2030 онд 50 хувьд хүргэнэ гэсэн зорилт дэвшүүлснийг  дэмжиж байна. Үүнтэй уялдаад бусад салбаруудын бүтээмжийг сайжруулах хэрэгтэй. Экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх, худалдааны эргэлтийг сайжруулах. Сэргээгдэх эрчим хүчний арвин эх үүсвэрийг ашиглан хөрш орнуудтайгаа худалдаа хийж болно. Ихэвчлэн түүхий эдийн бүтээгдэхүүн экспортод гаргахаа зогсоож, боловсруулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмснээр ашиг олох асар их боломж бий” гэв.
Монгол дахь НҮБ-ын суурин зохицуулагч, Биата Транкман “Монгол Улс нь 2016 онд өөрийн Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030-ыг  батлан гаргаснаар Дэлхийн хөгжлийн хөтөлбөрийг эрт хүлээн зөвшөөрч баталсан улс болж, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээ  нотолсон. Одоо эл үзэл баримтлал, зорилгоо Засгийн газрын түвшинд  хоорондоо сайн уялдсан бодлого, төсөвт хөрвүүлж , төсвийн хөрөнгө оруулалтыг нийгэм, байгаль орчны салбарт хуваарилахыг чухалчлах хэрэгтэй. Энэ зорилгуудад хүрэхэд НҮБ дэмжиж ажиллах болно” гэлээ.
 
Б.Янжиндулам
 
 
 

Холбоотой мэдээ