“Алтайн бахархал-2018” наадмыг амралтын өдрүүдэд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-09-07 18:32:11
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт жил бүр уламжлал болгон зохиогддог “Алтайн бахархал” наадам энэ амралтын өдрүүд буюу есдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд болох гэж байна. 
2010 оноос эхлэн уламжлал болгон зохиогдох болсон уг наадмыг энэ жил Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ивээн тэтгэж тус аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран зохион байгуулах ажээ. 
Наадам Говь-Алтай аймгийн морь барианы газар болох “Мандалтын дөрөлж”-д болох бөгөөд мөн үеэр үндэсний бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сурын харвааны тэмцээн явагдахаас гадна “Адуучин” тэмцээн, урлагийн тоглолт болж, азын сугалаа явагдахаараа  онцлогтой байх юм.
Өнгөрсөн жил уг наадам Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, төр, нийгмийн  зүтгэлтэн, Төрийн хошой соёрхолт зохиолч Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд болж байсан билээ.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ